Чанар, стандартыг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалт татах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн чанарын 7 хоног энэ өдрүүдэд
тохиож байна. Энэ өдрийг уламжлал ёсоор олон улсад 11 дүгээр сарын эхний хоёр 7
хоногт тэмдэглэдэг. Энэ жил тухайн өдрийг манай улс “Чанар-Тогтвортой хөгжил”
уриан дор өнгөрүүлж, Үндэсний чанарын чуулганыг Стандарт, хэмжил зүйн газар
МҮХАҮТ хамтран зохион байгуулав. Чуулганаар чанарын удирдлагын мэргэжилтнүүд Монгол Улсын хөгжлийн бодлого,
төлөвлөлт, олон улсын стандартчилал гэсэн 2-3 илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
Чанарын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулахад тулгамдаж буй гол зүйлийн талаар хэлэлцлээ. Цаашид үндэсний хэмжээнд чанарын тогтолцооны дэд бүтцийг байгуулж, олон улсын жишигт нийцүүлж, чадамжийг дээшлүүлэх хэрэгтэй байгааг салбарынхан хэлж байв. Чанарыг стандартыг мөрдүүлэхэд лаборатори, дэд бүтцийг шийдэх шаардлагатай байгааг онцоллоо. Энэ талаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн хэлэхдээ, “Чанарын дэд бүтэц, тогтолцоог бий болгоно гэдэг нэг хүн, байгууллагын хийх ажил биш. Энд лабораториудын хүчин чадал, итгэмжлэл, баталгаажуулалт зэрэг олон зүйлээс шалтгаалдаг” гэдгийг тодотгов. Олон улсын түвшинд чанар гэдэг ийм олон зүйлийн гинжин холбооноос тогтсон байдаг аж.
Манай улсад чанарын лабораториудаас уул уурхайн чиглэлийнх олон улсын түвшинд ажиллаж байна. Харин байгаль орчны, хүнсний, барилгын гэсэн салбар салбарын чиглэсэн лабораториуд дутагдалтай, үгүйлэгдэж байна. Эдгээр лаборатори манай улсад бий болон хөгжсөн цагт л чанар, аюулгүй байдлын талаар бүрэн ярих учиртай. Эрүүл ахуй, чанар хангасан гэдгийг нотлох боломж үүснэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Улс орны эдийн засгийн
цусны эргэлт болсон хувийн хэвшилд, бизнесийн орчинд чанар, стандартыг
нэвтрүүлснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж нэмэгдүүлэх, олон улсын
зах зээлд гарах боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Учир нь орчин үеийн хөрөнгө
оруулалтын чиг хандлага байгаль орчинд ээлтэй, хүнээ бодсон илүү чиглэж буйг
судлаач, мэргэжилтнүүд онцлон хэлж байлаа.
Тодруулж хэлбэл, тухайн ААН, байгууллагын санхүүгийн үр ашгаас давсан, нийгэмдээ илүү хүртээмжтэй байх үзүүлэлтүүдийг гаргаад түүний дагуу байгууллага, ААН-үүдийг эрэмблээд энэ дагуу чансаа рейтинг нь хангалтгүй байвал хөрөнгө оруулахгүй байх, эсвэл тодорхой нөхцөлийг тавьж тэр үндсэн дээр хөрөнгө оруулалт өгдөг ийм хандлагууд бий болж буйг Үндэсний хөгжлийн газрын хэлтсийн дарга С.Сюзанна тодотгож байв.
Тогтвортой
хөгжлийн 17 зорилтын хүрээнд нийцүүлэн чанар, стандартын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот
түвшинг боловсруулж гарган тодорхой болгоод байгааг тэрээр дуулгаж үүнд
нийцүүлэн хөрөнгө оруулалтыг татах боломжийг үүсгэж байна гэв.
Үндэсний чуулганы үеэр Үндэсний чанарын шагналыг шинэ стандартыг мөрдүүлж, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийг тогтолцоог нэвтрүүлж, ногоон хөгжлийн бодлогыг эрхэмлэн, байгаль орчинг хамгаалсан ААН, байгууллагад гардуулсан юм.