Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 11.1 их наяд төгрөг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3.8 (52.2 хувь), тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9.7 их наяд төгрөг болж, 3 (44.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 10.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (53.3 хувь) их наяд төгрөгөөр багасжээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 9 дүгээр сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 281.7 (32.6 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 306.5 (28.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 7 дугаар сард 238.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол 8 дугаар сард 211.2 тэрбум төгрөг, 9 дүгээр сард 236.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байв. Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 4.4, татварын бус орлого 2.1, ирээдүйн өв сангийн орлого 0.4 нэгж хувиар нэмэгдэж, татварын орлого 6.8 нэгж хувиар багаслаа.
Татварын нийт орлого энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (39.6 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 1.2 (83.3 хувь) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 462.4 (28.6 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 305.6 (24.8 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 207.8 (39.3 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 149 (27.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Татварын нийт орлого энэ оны 9 дүгээр сард 978.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 195.4 (25 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 109.7 (2.2 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 46.9 (19.1 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 42.7 (61.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Харин онцгой албан татвар 24 (26.2 хувь) тэрбум, тусгай зориулалтын орлого 0.7 (39.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.
Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 7.4 нэгж хувиар нэмэгдэж, нийгмийн даатгалын орлогынх 2.1, онцгой албан татварынх 2, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.1, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.8, бусад татварынх 0.4 нэгж хувиар багаслаа.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард байдлаар 10.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (15.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (23.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин хөрөнгийн зардал 358.8 (18.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны 9 дүгээр сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 306.5 (28.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд урсгал зардал 205.6 (24.6 хувь) тэрбум, хөрөнгийн зардал 130.5 (58.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь 2021 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 12.2 нэгж хувиар нэмэгдэж, бараа үйлчилгээний зардлынх 10.4, хүүгийн зардлынх 1.4, татаас 0.4 нэгж хувиар багасав.
Хөрөнгийн зардал энэ оны эхний 9 сарын байдлаар 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 358.8 (18.6 хувь) тэрбум төгрөгөөр багасахад барилга, байгууламжийн зардал 197 (16.5 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 105.4 (39.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.
Хөрөнгийн зардалд бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 3.1, барилга байгууламжийн зардлынх 1.6 нэгж хувиар нэмэгдэж, харин тоног төхөөрөмжийн зардлынх 3.6, их засварын зардлынх 0.8, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.3 нэгж хувиар багаслаа. Хөрөнгийн зардалд энэ оны 7 дугаар сард 133.9 тэрбум, 8 дугаар сард 223.9 тэрбум, 9 дүгээр сард 354.4 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх сарынхаас 130.5 (58.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.