Тэд биднээс нуугдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-14 13:34:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өвчин туссаныхаа төлөө бусдад гадуурхагдах нь байж боломгүй, тэвчиж баршгүй доромжлол. Бусдаас ялгаатай байдал нь бусдад доромжлуулж, дээрэлхүүлэх шалтгаан нь биш. Үүнийг ойлгуулах гэж Барнаб энэлж шаналдаг.

Витилиго буюу Арьс цайрах өвчин. Энэ өвчин олон хүнийг гэртээ нуугдахад, нүүр, хүзүүгээ далдлахад, өөртөө итгэлгүй болоход тэр ч бүү хэл гэр бүл зохиож үр хүүхэдтэй болохоос татгалзахад хүргэж байна. Арьсны цайралт нь нэмэгдэхэд тэд биднээс нуугдаж байна. Тэдний арьс өөр байгаа нь Гэм зэм, Ял биш.

Барнаб гэм хийсэн мэт үргэлж бусдад яллуулж амьдарч байлаа. Арьс цайрах өвчтэй байсныхаа төлөө тэрээр насан туршдаа -Цоохор муур хочтой байв. Бусдад доромжлуулах тэрний сэтгэл яваандаа цайрч эхэлдэг. Тэр өөрийг нь доромжилсон хүмүүсийн авсыг арчиж зогсохдоо Бүгдийг нь уучилж өршөөдөг. Тэр бол Барнаб. Арьс нь цайрсан. Авсчин болсон.

“Гэгээн Муза” Олон улсын театрын их наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин” алтан цомын эзэн Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын залуу жүжигчин Ганбатын Мишээлийн зохиол “Итгэлийг эвдэгч” моно жүжиг нээлтээ хийлээ. 2017 оноос хойш олон удаа тайзнаа тоглосон ч албан ёсны нээлт нь  өнөөдөр боллоо. /2021.11.12/ Жүжгийн найруулагчаар СТА, “Гэгээн Муза” Олон улсын театрын их наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” алтан цомын эзэн Чимэдцэеэгийн Уранбилэг ажиллажээ. Хоёр залуу жүжигчин Эрдэнэтийн тайзыг эзэгнэлээ. Шинэ үеийнхэнд баяр хүргэе.

“Итгэлийг эвдэгч” монодрамын гол үзэл санаа арьс цайрах өвчнөөр энэлж шаналсан хүнийг нийгэм хэрхэн гадуурхдагийг харуулах гэж зорьсон. Зорьсондоо ч хүрсэн байх. Зохиолын гол дүр Барнаб нотариатч арьс цайрах өвчнөөсөө болж итгэлээ эвдүүлсэн. Бусдын доромжлол түүнийг Хүн гэдгийг нь мартуултал  нь итгэлгүй болгодог. Бусдыг ялгаатай байдлаар нь  доромжлох нь гэмт хэрэг. Энэ нийгэм тэр чигтээ гэмт хэрэг үйлдэгч, хамсаатан, гэрч, хохирогчдоор дүүрчээ. Барнаб бол нотариатч. Тэр бусдын хэн бэ гэдгийг,  юу вэ гэдгийг нь баталдаг, баталгаажуулдаг хэрнээ өөрийгөө гэмгүй, хохирогч гэдгээ баталдаггүй, баталж чаддаггүй. Эцэст нь бусдын үхэл түүнийг өөрийгөө уучлахад, бас тэднийг уучиллаа гэсэн тамгаа дарахад хүргэдэг. Нотариатчийн “тамга” -УУЧЛАЛТ байлаа.

                                                   

    Ойн цоорхойн жүжиг-ИТГЭЛ ЭВДЭГЧ

Барнабын дүрд зохиолч, жүжигчин Г.Мишээл өөрөө тоглосон. Түүнтэй тоглолтынх нь дараа цөөн хором ярилцлаа. Тэр Эрдэнэтийн Хүүхэд, залуучуудын театрт 10 гаруй жил ажиллаж байна. “Нохойн хурим”, “Итгэлийг эвдэгч”, “Чаплинд нулимс бий юу”, “Сорог” зэрэг 10 гаруй монодрам бичсэн. Хөдөөний жүжигчин гэдэг гадуурхалтыг өөрөөрөө дуусгах гэж тэр уран бүтээлдээ, дүрдээ шаналдаг. Тэр авьяасыг хөдөлмөр гэж ойлгодог. Тэвчээр гэж зүтгэдэг. Түүний дотор гал мэт халуун, ойртвол түлчих гээд, салхи  мэт ширүүн, дөхвөл хийсгэчих гээд, уул мэт өндөр, авирвал унагачих гэмээр сэтгэл хөдлөл нь уран бүтээлийн ааг, омог нь багтаж ядаж байгаа нь харагдаж байлаа. Түүнээс өөр л бүтээл гарна гэсэн итгэл ярилцаж суухад төрж байв. Тэр хамтрагч Ч.Уранбилэгтэйгээ их урт зам туулахаар шийджээ.  

Тэд “Гэгээн Муза” их наадамд “Нохойн хурим”, “Итгэлийг эвдэгч” моно жүжгээрээ оролцоход Урлагийн гавьяат зүтгэлтэн жүжигчин, найруулагч Б.Баатар шүүгчдэд хандаж “Үгүй. Эрдэнэтийн хүүхэд түрүүлнэ. Та нар ингэж шүүхгүй шүү” гээд таягаа шидээд уурлахад “Яг л аав өмөөрч байгаа юм шиг сэтгэл хачин их догдолсон. Тэр үед Эрдэнэт Улаанбаатар гэсэн газарзүйн байрлалын ялгааг гаргасанд бухимдсан байх. Хөдөөний жүжигчний зовлон яг тэр үед мэдэгдсэн хэмээн хоёр жүжигчин маань ярьж байлаа.

Авьяасыг шүүхэд  газарзүйн байрлал биш ур чадварын ялгаа чухал гэдгийг тэд харуулахыг зорьж байна.

Г.Мишээл, Ч.Уранбилэг нар “Эрт урьдын цагт” уран бүтээлийн нэгдэлтэй. Тэд хүүхэд залуучуудыг жүжигт, урлагт дуртай болгодог. Драмын дугуйлан хичээллүүлдэг. Бас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлдэг. Театрчилсан аялал хийдэг. Уран тогоо уул руу аялагчдыг авч явахдаа ойн цоорхойд жүжгээ тоглодог. Айргаа сөгнөж жүжгээр цэнгүүлдэг. Тэнгэрийн дор, оддын дор гадаа галаа тойроод суух аялагчдын өмнө жүжгээ тоглодог.  Энэ бол дэндүү сайхан тансаглал гэж хэлж болно.

Тэд өвчин бол гэм нүгэл биш гэдгийг

Тэд амьдрал бол аялал гэдгийг

Тэд жүжиг бол шаналал гэдгийг ойлгуулдаг. 

相关新闻