Вакцины QR код ашиглах тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Засгийн газар олон нийтийн үйл ажиллагаа явуулах газар, музей, театр, кафе, дэлгүүр, түүнчлэн нисэх онгоц, галт тэргэнд QR-код ашиглах тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ.
Баримт бичигт зааснаар насанд хүрсэн иргэд вакцин хийлгэснийг баталгаажуулсан QR код, эсвэл вакцины эсрэг заалт болон халдвар аваад эдгэрсэн тухай баримт бичигтэй тохиолдолд дээрх газруудаар үйлчлүүлэх боломжтой. Харин эмийн сан, хүнсний дэлгүүрүүдэд QR-код ашиглахгүй байна.
Хүмүүст коронавирусний вакцинаа хийлгэж, QR код авах боломж олгохын тулд хоёрдугаар сарын 1-нийг хүртэл шилжилтийн үе хэрэгжинэ. Энэ хугацаанд иргэд соёлын байгууллагууд, дэлгүүрүүдэд PCR-ын шинжилгээний хариугаа үзүүлэх боломжтой.
QR кодыг ашиглах тухай шийдвэр, шаардлагатай газруудын жагсаалтыг бүс нутгийн эрх баригчид гаргана. Энэ хуулийн заалт 2022 оны зургаадугаар сарын 1 хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих төлөвтэй байна.
Түүнчлэн хот хоорондын болон олон улсын нисэх онгоц, галт тэргэнд QR код нэвтрүүлэхийг санал болгосон байна. Гадаадын иргэд нисэх онгоц, галт тэргээр зорчихын тулд PCR-ын шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх ёстой гэж Оросын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. QR код нэвтрүүлэхээс өмнө онгоцны тийз худалдаж авсан оросууд PCR -ын шинжилгээгээр Орос руу буцах боломжтой байна.
"Сүүлийн өдрүүдэд өдөр бүр мянга гаруй иргэн ковидоос болж нас барж байна. Харамсалтай нь манай иргэд хязгаарлалтын арга хэмжээг дагаж мөрддөггүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, вакциндаа хамрагдахгүй байна” гэж Оросын шадар сайд Татьяна Голикова баасан гаргийн орой мэдэгджээ.
Түүний хэлснээр, “ажлын бус өдрүүдээр” ердөө зургаан бүс нутагт өвчлөл буурах хандлага ажиглагдсан бол үлдсэн бүс нутагт нэмэгдсэн байна.
ОХУ-д коронавирусний вакцинжуулалтын түвшин маш доогуур байгаа юм. Тус улсын эрх баригчдын мэдэгдэж буйгаар нийтийн дархлаа тогтоохын тулд насанд хүрсэн хүн амын 80 хувийг вакцинжуулах шаардлагатай бол одоо энэ үзүүлэлт 49 хувиас доогуур байгаа аж. "Бид яг одоо 22 сая орчим хүнийг вакцинжуулж, 9 сая орчим хүнийг дахин вакцинжуулах шаардлагатай байна" гэж коронавирустэй тэмцэх асуудлыг хариуцаж буй Голикова мэдэгджээ.