Сэлэнгэ аймагт 2022 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 55 төсөл, арга хэмжээг баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 2022 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 55 төсөл,
арга хэмжээ, барилга байгууламжийн төсөв батлагджээ. Сумдын нутгийн хөгжлийн
санд олгох урамшуулал, дэмжлэг 389.9 мянган төгрөг, Орон нутгийн хөгжлийн санд
олгох орлогын шилжүүлэг 8.8 тэрбум төгрөг, үүнээс урсгал зардал санхүүжүүлэх
560.1 сая төгрөгийг баталсан байна.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул, Цээл, Угтаал, Баянхангай чиглэлийн 192 км авто замын зураг төсвийг хийлгэх 1.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэжээ. Мөн Ерөнхий боловсролын бүх сургуульд физикийн хичээлийн лабораторийн хэрэглэгдэхүүнд 800 сая төгрөг, бүх суманд усалгааны систем 250 сая төгрөг гэх мэтчилэн бүх сумыг хамарсан олон асуудлыг шийджээ. Энэ бүх хөрөнгө оруулалтын ажлыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нар хамтран зүтгэж шийдвэрлүүлжээ.
Төсвийн тухай хуулийн дагуу
төсвийн цикл 5 дугаар сараас эхэлдэг байна. Тухайн аймгийн аль суманд юу
хэрэгтэй байгааг аймгийн удирдлага, төрийн сангийн дарга нар нэгтгээд саналаа хүргүүлдэг
аж. Тиймээс зарим батлагдаагүй ажил нь аймгийн хувьд энэ удаа шаардлагагүй гэж
үзсэн ажлууд байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам тодотголоо. Түүнчлэн Сэлэнгэ
аймагт шинээр болон үргэлжлэх томоохон ямар ажлууд байгаа талаар УИХ-ын гишүүн
Ж.Эрдэнэбатаас тодрууллаа. Тухайлбал:
-Сүхбаатар суман дахь “Гэрэлт цогцолбор”-ын тохижилт, засварын ажил
хийнэ.
-Алтанбулаг сум “Жишиг сум” болох ажлууд албан ёсоор өрнөнө.
-“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-Дулааны станцын зуухны шинэчлэл эхэлнэ.
-Цагааннуур суманд 320 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилга шинээр
барьж эхэлнэ.
-Сүхбаатар сумын 4-р багт 200 ор бүхий цэцэрлэг шинээр барина.
-Мандал суманд 2019 оноос хийж эхэлсэн бохирын шугамын шинэчлэл, холболт
зэрэг олон ажил гүйцэтгэх аж.