Нийгмийн даатгалын улсын байцаагч нар монгол бичгээр албан хэрэг хөтлөх бэлтгэлээ хангаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулсан монгол бичгээр албан хэрэг хөтлөх сургалтад хамрагдсан албан хаагчид өнөөдөр гэрчилгээгээ гардав.
Тус газраас албан хаагчдынхаа монгол бичгийн чадварыг дээшлүүлэх, монгол бичгээр албан хэрэг хөтлөн явуулах бэлтгэлийг хангах зорилгоор хоёр сарын хугацаатай сургалт зохион байгуулжээ.
Сургалтыг монгол хэл шинжлэлийн доктор, профессор Г.Буянтогтох удирдан явуулсан бөгөөд 63 хүн шалгалтад хамрагдаж, гэрчилгээ гардав. Г.Буянтогтох багш, “Сургалтад хамрагдсан албан хаагчид богино хугацаанд, хялбар арга барилаар албан бичгийг монгол бичгээр боловсруулж бичдэг боллоо. Энэ удаагийн сургалт нь цахим гэдгээрээ онцлогтой. Самбар хэрэглэхгүйгээр техник ашиглан шууд компьютер дээр шивж сургасан тул сургалтад хамрагдагчид албан хэргийг монгол бичгээр бичих чадвар эзэмшсэн” гэдгийг тодотгов.
НДЕГ-ын Тамгын
газрын мэргэжилтэн Д.Отгонцэцэг хэлэхдээ, “Би өмнө нь 1987 онд 7 дугаар ангийн сурагч байхдаа
монгол бичиг заалгаж байсан. Түүнээс хойш 30 гаруй жилийн дараа үзэхэд ямар ч
байсан үсэглээд уншиж чадаж байна. 2025 оноос албан бичиг хэргийг үндэсний монгол
бичиг, кирилл хосолсон хэлбэрээр хөтөлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан маш богино
хугацаанд компьютерын гар дээр монгол бичгийг шивж сурлаа. Хугацаа богино
байсан ч уйгагүй сурах юм бол боломжтой юм байна. Хамгийн гол нь ямар товчлуур
дээр дарвал ямар үсэг, тэмдэглэгээ байх вэ гэдгийг тогтоосон байхад гараар бичихээс
илүү компьютер дээр бичих нь хялбар юм байна. Аль болох бие дааж бичээд шивээд
байвал зүгшрэх юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол хэлний тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96
дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-т
заасан төрийн байгууллагууд албан хэргийг 2022 оноос кирилл, монгол бичгээр
зэрэгцүүлэн туршиж эхлэх, 2025 оноос төрийн төрийн албан хэргийг кирилл болон
монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих зорилт
тавьсан.
Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын улсын байцагчийн эрх олгох шалгалтад ахисан түвшний монгол бичгийг сорил багтааснаар НДЕГ ийнхүү төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангаж байна.