Цар тахлын үед гадаадад гацсан монголчуудын түүхээр ном бүтээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдын “Цар тахлын үеийн тэмдэглэл бидний туулсан бодит түүх” номын нээлт өнөөдөр боллоо.
Энэхүү номд “КОВИД-19” цар тахлын үеийн гадаадад гацсан монголчуудад юу юу тохиолдож хэрхэн даван туулж байсныг баримтжуулан өгүүлжээ. Хилийн чанадаас ирцгээсэн монголчуудын туулсан хүндрэл бэрхшээлийн талаар бичсэн ном анх удаа ийнхүү уншигчдад хүрч байна.
Номын зохиолч
Б.Сувд Америкт жил гаруй гацаж гадаадад
түгжээтэй
хаалганы
цаана хоцорсон
олон монгол хүний бодит түүхийг уг номд тэмдэглэн
өгүүлснээрээ онцлогтой.
Тэрбээр хэлэхдээ, “Хэдийгээр бид бүх хүнийг төлөөлж чадахгүй ч өөрсдийн түүхээр дамжуулан цар тахал бидний амьдралын хэвийн аз жаргалтай харилцааг үгүй хийж байгааг харуулахыг хүссэн. Бид өдөр тутамдаа оршин буй цаг хугацааныхаа түүхийн гэрч болж, түүхийг бүтээсээр, бичилцсээр байдаг. Миний бие ч гэсэн Монгол Улс төдийгүй дэлхий нийтийг хамарсан гамшиг “КОВИД-19” цар тахлын нэгэн холбогдогч, хэлмэгдэгч, гэрчлэгч болохын хувьд амьдралынхаа хэсэг цаг хугацаанд туулж өнгөрүүлсэн бүхнээ бичиж үлдээх хүндхэн үүргийг өөртөө хүлээсэн юм. Энэ ном бол зохиогч миний өөрөө туулсан бодит түүх, нүдээр харсан үнэн, түүхийг мэдэрсэн шаналалдаа бичсэн өдрийн тэмдэглэл юм шүү” гэж тодотгов.
Уг номын редактороор Ц.Оюунчимэг, уран сайхны редактороор Л.Хасар, Д.Гэндэнсүрэн нар ажиллажээ.