Хүнсний сав, баглаа, боодол импортлох боломжийг бүрдүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтод мэргэжлийн хяналтын хүнсний лаборатори байгуулж, ААН-үүд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, сав, баглаа, боодол импортлох боломжийг бүрдүүлсэн гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Замын-Үүдээс гадна хоёр боомтоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, сав, баглаа, боодол импортлох боломж бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ үүргийн хүрээнд богино хугацаанд бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүнсний сав, баглаа, боодлын импортыг шийдвэрлэх боломж бүрдлээ хэмээн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХХААХҮ-ийн сайд мэдэгдсэн юм. Түүнчлэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс гадна нэн тулгамдсан асуудал болоод байсан хүнсний сав, баглаа боодлыг 12-р сард импортлох албан ёсны захиалгад оруулах хүсэлтийг ЗТХЯ-нд хүргүүлжээ.