“Монголын эдийн засгийн толь”-ийг Үндэсний номын санд гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-аас өнөөдөр “Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” номыг Монгол Улсын Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.
Тодруулбал, тус номын анхдугаар хэвлэлийн нээлтийг хийж, дээжийг ийнхүү олон нийтийн хүртээлд өргөв. Номын ерөнхий редактороор академич Т.Дорж, А.Бакей, доктор Б.Батхишиг нар ажиллаж ШУА-ийн захиалгаар хэвлэсэн олон эрдэмтний хамтын бүтээл болжээ. Номд дэлхийн, олон улсын эдийн засгийн онолууд, нэр томьёог эх хэлээр орчуулан хөрвүүлж өнөөгийн хөрсөнд буулгасан, судалгааны чухал бүтээл болсныг ёслолд оролцогчид онцолж байв.
Академич Т.Дорж хэлэхдээ, “Улс орнуудын эдийн засаг өөр өөрийн онцлогтой. Манай улсын эдийн засгийн түүх баялаг. Монголын Эзэнт гүрнээс эхлээд хамгийн том эдийн засагтай байсан орон. Одоо гэхэд л нүүдэлчнийхээс гадна суурин соёл иргэншил хосолсон, холимог онцлогтой. Энэ бүхнийг зохих хэмжээгээр тодорхой тусгасан” гэв. Номд Монголын эдийн засгаас гадна Нобелийн шагнал хүртсэн олон улс орны эдийн засагч, эрдэмтэн нарын гол бүтээлийг судалж агуулгыг оруулсныг тэрээр тодотгож байв.
Ном гардуулсан ёслолд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, академич Г.Чулуунбаатар, СГЗ, сэтгүүлч, судлаач, доктор профессор Т.Баасансүрэн, Худалдааны гавьяат ажилтан, эдийн засагч А.Шагдарсүрэн нарын хүмүүс оролцлоо.
Гэрэл зургийг Н.Батбаяр