Иракт “ЛУ”-ын толгойлогчдын нэгийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-09 12:18:02

КАИР. /TASS/. Иракийн тагнуулын албаныхан тус улсын баруун нутгийн Анбар мужид явуулсан ажиллагааны үеэр террорист “Лалын улс” /ЛУ/ бүлэглэлийн толгойлогчдын нэгийг устгажээ.


Энэ тухай Иракийн Зэвсэг хүчний командлалын төлөөлөгч Яхья Расул мэдэгдсэнийг тус улсын “Al Sumaria” телевиз уламжилсан байна. 


Яхья Расулын мэдэгдсэнээр, Иракийн тагнуулын алба Анбар мужийн Эр-Рутба цөлийн Эль-Казаф болон Жалабат хөндийд тусгай ажиллагаа явуулж, “ЛУ” бүлэглэлийн толгойлогчдын нэг болох Абу аль-Барааг устгасан байна. Түүнээс гадна, террористуудын гурван нуувчийг устгажээ.


2014 оны зун “ЛУ” бүлэглэлийн террористууд Иракийн газар нутгийн гуравны нэг орчмыг эзэлжээ. Зургаадугаар сард тэд Иракийн хоёр дахь том хот Мосулыг эзлэн авч, халифт улсын нийслэл хэмээн зарласан юм. 2015 онд Иракийн Засгийн газрын цэргүүд олон улсын эвслийн дэмжлэгтэйгээр хэт давруу үзэлтнүүдэд эзлэгдсэн газар нутгийг чөлөөлөх томоохон ажиллаа явуулж эхэлжээ. 2017 оны 12 дугаар сард Иракийн тухайн үеийн Ерөнхий сайд Хейдар аль-Абади “ЛУ” бүлэглэлийг ялсныг зарласан байна.


Гэсэн хэдий ч Иракийн хүчний байгууллагууд энгийн иргэд, цэрэг, цагдаа нарыг чиглэсэн халдлага үйлдсээр байгаа террористуудыг үндсээр нь устгах ажиллагааг явуулсаар байгаа аж.  


相关新闻