АНУ Орос, Украины иргэнийг хоригийн жагсаалтад оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид кибер гэмт хэрэгт буруутгагдаж буй Оросын иргэн Евгений Полянин, Украины иргэн Ярослав Васинский нарыг хориг арга хэмжээний жагсаалтдаа нэмжээ. Энэ тухай Америкийн Сангийн яам даваа гарагт цахим хуудсандаа мэдээлсэн байна.
АНУ-ын эрх баригчид Полянин, Васинский нарыг “ransomware” буюу компьютерт байгаа мэдээллийг түгжиж барьцаалаад мөнгө нэхдэг вирус ашиглан 200 сая гаруй ам.долларыг кибер валют хэлбэрээр авсан “Sodinokibi” гэх нэрээрээ мөн алдартай “REvil” бүлэглэлийн гишүүд гэж үзэж байгаа аж.
“Эдгээр хоёр хүн нь кибер сүрдүүлэг үйлдэж, 200 сая гаруй ам.долларын барьцааны мөнгийг биткоин болон “Monero” криптовалютаар авсан кибер гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлийн гишүүд юм” гэж Америкийн Сангийн яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Тус яамны мэдээллээр, Васинский нь мөнгө нэхэгч вирусний программ ашиглан АНУ-ын дор хаяж есөн компанийг хакердсан байна. АНУ-ын эрх баригчид Украины иргэнийг ч мөн “энэ оны долоодугаар сард “Kaseya” компанийг мөнгө нэхэгч вирусний программ ашиглан хакердсан” гэж үзэж байгаа аж. “Kaseya” нь программ хангамж үйлдвэрлэдэг компани юм.