К.Фүмиогийн Засгийн газрыг дэмжигчдийн түвшин өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-09 09:29:12

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн тэргүүлсэн Засгийн газрыг дэмжигчдийн түвшин 53 хувьд хүрч өссөнийг “NHK” телевизээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Энэ нь 10 дугаар сарын 31-нд бүх нийтийн сонгууль болохоос долоо хоногийн өмнө явуулсан санал асуулгын дүнгээс таван хувиар өссөн үзүүлэлт юм. Харин эсрэг үзэл бодолтой хүмүүсийн үзүүлэлт 25 хувь байсан нь хоёр хувиар буурчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд утсаар явуулсан энэхүү санал асуулгад 1200 гаруй хүн оролцсон байна. 


К.Фүмиогийн Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хүмүүсийн 41 хувь нь Засгийн газарт илүү их итгэл хүлээлгэж байгаагаа хэлсэн бол 26 хувь нь дэмждэг нам нь Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгааг онцлон хэлжээ. Харин эсрэгээрээ буюу сайшаахгүй байгаа хүмүүсийн 41 хувь нь Засгийн газрын бодлогод тийм ч их найдлага тавихгүй байгаагаа илэрхийлсэн байна.


Бүх нийтийн сонгуулиар эрх баригч Либерал Ардчилсан нам парламентын доод танхимд үнэмлэхүй олонхын суудлаа хадгалсан юм. Санал асуулгад оролцогчдоос сонгуулийн дүнгийн талаар тодруулахад, 10 хувь нь эрх баригч нам илүү олон суудал авах хэрэгтэй байсан, 40 хувь нь сөрөг хүчин илүү олон суудал авах хэрэгтэй байсан гэж хариулжээ. Харин үлдсэн 41 хувь нь сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. 

相关新闻