“Монгорү Цүүшин” сонин япон хэлээр эсээ бичих ээлжит уралдаанаа зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
naranmandukhai@montsame.gov.mn
2021-11-08 14:44:57

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн япон хэлээрх “Монгорү Цүүшин” сонин Ардын хувьсгал ялсны 100 жил, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан “Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт амжилт” сэдвээр зохион бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд хоёр дахь удаагаа зарлаж байна.

Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулах тус уралдааны зорилго нь япон хэлээр бичих хүүхэд залуусын ур чадварыг хөхиүлэн дэмжих, монгол орон, түүх, соёлыг хэрхэн харж, үнэлж цэгнэдгийг нээн харуулах, хүүхэд залуусын ирээдүйн хүсэл зорилгыг тодорхойлоход оршино.

Уралдаанд оролцогчид 現代モンゴル:過去100年における歴史的偉業 (Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт амжилт сэдвээр, 1000-1200 үсгэнд багтаан япон хэлээр бичиж 12 дугаар сарын 6ы өдрийн дотор “Монгорү Цүүшин” сонины montsushin@hotmail.com болон montsushin@montsame.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ. 

Уралдаанд ирүүлсэн зохион бичлэгээс шилдэг гурван байрыг шалгаруулж мөнгөн урамшуулал болон уралдааныг дэмжигч Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ “JENESYS” хөтөлбөрт оролцох эрхийн бичгээр тус тус шагнана.

 

Уралдааны болзол:

 

1.    Уралдаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчид оролцоно. Жич: Япон улсын Засгийн газраас тавьж буй шаардлагын дагуу уралдааны 1-р байрт шалгарч “JENESYS” хөтөлбөрт оролцохоор болсон сурагч нь  Япон улсад ямар нэгэн байдлаар өмнө нь зорчсон түүхгүй байна. Гэхдээ КОВИД-19-ын улмаас тус хөтөлбөр нь тодорхой хугацаагаар хойшлогдох эсвэл цахим хэлбэрээр хэрэгжиж болзошгүй тул анхаарна уу. Дээрх шаардлага нь уралдааны 2, 3-р байрт шалгарсан сурагчдад хамаарахгүй.

2.    Зохион бичлэгийн агуулга дээр дурдсан сэдвийн хүрээнд, 1200-1400  үсэгт  багтаан WORD оффис программ дээр бичнэ (үсгийн фонт MS Mincho, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5)

Зохион бичлэгийг montsushin@montsame.gov.mn, montsushin@hotmail.com цахим хаягаар ирүүлнэ. Зохион бичлэгийг дээрх хаягаар илгээхдээ сургууль, анги, овог нэрээ тодорхой бичихийн сацуу холбоо барих утасны дугаараа бичнэ.

3.    Уралдаанд оролцох зохион бичлэгийг хүлээн авах хугацаа 2021 оны 12 дугаар сарын 6-ны  өдрөөр дуусгавар болно.

4.    Уралдаанд ирүүлсэн зохион бичлэгүүдийг “Монгорү Цүүшин” сонин, Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яам, Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн хамтарсан шүүгчдийн баг шүүн шалгаруулж, 12 дугаар сарын эхээр шагналт байрыг зарлана.

5.    Шалгарсан шилдэг зохион бичлэгүүдийг агентлагийн сонин, мэдээллийн цахим хуудсаар дамжуулан түгээж олны хүртээл болгоно.

 

相关新闻