“Ай Ти Эм 2021” олон улсын аялалын жуулчлалын үзэсгэлэнд Сэлэнгэ аймгаас 7 аж ахуйн нэгж оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-06 11:50:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.  “Ай Ти Эм 2021” олон улсын аялалын жуулчлалын үзэсгэлэнд Сэлэнгэ аймгаас 7 аж ахуйн нэгж аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, бэлэг дурсгал, аймгийн брэнд бүтээгдэхүүнээр оролцжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас орон нутгийн аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг байна.

Энэ үеэр Алтанбулаг сумын нутаг дахь Гүн нуур, Хонд, Сайханы хөтөл, Баруунбүрэн сумын “Амарбаясгалант хийд”, Алтанбулаг, Шаамар сумын нутгийг хамарсан Тужийн нарсан ой зэрэг байгалийн өвөрмөц, содон тогтоц, уламжлалт ёс заншил, түүх дурсгалын өлгий нутаг, түүхэн дурсгалт газруудаар виртуал аялал хийжээ. Мөн үзэсгэлэнгийн үйл ажиллагааг ард иргэдэд танилцуулан, 2022 онд сайтуудад байршуулан аялагчдыг хүссэн үедээ үзэх боломжийг нээхээр ажиллаж байгаа аж. Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөллийг шинэ нисэх онгоцны буудлын жуулчдад зориулсан мэдээллийн төв, “Манзушир” хийдтэй тус тус танилцуулсан байна. Мөн “Гарц Шийдэл-Орон нутаг”, “Жуулчны бааз, барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл хэрхэн хийх, түүний ач холбогдол” сургалт, хэлэлцүүлэгт оролцуулжээ. Энэхүү үйл ажиллагааг аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран зохион байгуулсан байна. 

相关新闻