Японы Ерөнхий сайд АНУ-д айлчлахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Jiji/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио энэ оны 11 дүгээр сарын сүүлчээр АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байна.
Японы Засгийн тэргүүн өмнө нь Шотландын Глазго хотноо болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцох үеэрээ Байдентай анх удаа биечлэн уулзсан байна. Хоёр орны удирдагчид товч яриа өрнүүлж, хоёр талын стратегийн эвслийн талаар, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгах тал дээр хамтран ажиллах тухай ярилцжээ.
2012-2017 онд Японы Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Кишида Фүмиог тус улсын парламентын хоёр танхим 10 дугаар сарын 4-нд олонхын саналаар 100 дахь Ерөнхий сайдаар сонгосон билээ. Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 29-нд тэрбээр эрх баригч Либерал ардчилсан намын (ЛАН) даргын албан тушаалыг хүлээж авсан юм. Өнгөрсөн онд Японы Ерөнхий сайд Абэ Шинзог эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа энэ албан тушаалд томилогдсон Сүга Ёшихидэгийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан ЛАН-ын шинэ даргыг сонгох сонгууль болсон билээ.