Анхан шатны эмнэлгийн суурь зардлыг хоёр дахин нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-04 14:19:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны чиглэлийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс анхан шатны буюу сум, өрхийн эмнэлгийн нэг хүнд ногдох суурь зардлыг хоёр дахин нэмэхээр Монгол Улсын 2022 төсвийн төсөлд тусгажээ.


Тодруулбал, нэг хүнд ногдох суурь зардлыг 30 мянган төгрөгөөр тооцдог байсныг 60 мянган төгрөг болгон тооцож, төсвийн төсөлд нийт 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгасан байна. Ингэснээр анхан шатны эмнэлгүүд цалин урамшууллаа нэмэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгааг УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн нар өнөөдөр мэдээлэв.


НББХ-оос Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын багийг энэ оны 7-10 дугаар сард УИХ-ын гишүүн Д.Батлутаар ахлуулсан байгуулсан. Уг ажлын баг бүх шатны эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтай танилцаж, дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд дээрх хуулиуд хангалттай хэрэгжихгүй байна гэсэн дүгнэлт гаргасныг НББХ-ны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэв.


Тэрбээр, “Хууль хангалттай хэрэгжихгүй байгаа нь мөнгө, санхүүтэй холбоогүй. Бид 2016 оноос хойш эрүүл мэндийн салбарыг шинэчлэх эрх зүйн орчин бүрдүүлж, жил бүр энэ салбарын төсвийг нэмж ирсэн. Тухайлбал, 2017 онд 600 тэрбум, 2019 онд 900 тэрбум, 2020, 2021 онд 1.3 их наяд төгрөг болгон төсвийг нэмсэн ч энэ хөрөнгө эмнэлэгтээ, эрүүл мэндийн ажилтнууддаа, иргэддээ хүрч чадахгүй байгаа. Энэ хүрээнд манай байнгын хорооноос 05 дугаар тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг өгсөн. Уг тогтоол ч хэрэгжиж байгаа” гэлээ.


Тодруулбал, эм, эмнэлгийн хэрэгслийг нэн даруй татан авахад ЭМДС-гаас санхүүжилт гаргах, боломжгүй бол Засгийн газраас нөөц хөрөнгөөсөө гаргахыг үүрэг болгосон. Мөн цар тахлын хүнд үед ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх үүрэг өгсөн гэдгийг М.Оюунчимэг гишүүн онцолсон юм.


Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Батлут, “Эрүүл мэндийн салбарт засаглалын хямрал нүүрлэж, өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг тендер нэрээр шахдаг асуудал байна. Мөн гүйцэтгэлийн санхүүжилт эмч, сувилагч нартаа хүрэхгүй байна. Энэ бүхнийг засаж залруулах тухай НББХ-ны үүрэг чиглэл хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа” гэв.


Ташрамд дурдахад, УИХ ирэх оны төсвийг энэ сарын 15-ны дотор батлах хуулийн заалттай юм.

相关新闻