УИХ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөтгөх бүхий л санал санаачилгыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-04 12:50:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Дэлхийн банкны Эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй өнөөдөр цахим уулзалт хийв.


Уулзалтад Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Эрчим хүчний зохицуулагч Питер Иохансен, Эрчим хүчний ахлах мэргэжилтэн ЯнГин Сун, Эрчим хүчний зөвлөх Славена Георгиева, Дэлхийн банкны Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчийн газрын дэд бүтцийн мэргэжилтэн Д.Баттуяа болон ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Г.Энхтүвшин нар оролцсон юм.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Сэргээгдэх эрчим хүчний талаар санал бодлоо солилцох боломж олдсонд таатай байна. Сүүлийн хоёр жил "КОВИД-19"-ийн нөхцөл байдлаас шалтгаалан гадаад хамтын ажиллагаа суларсан. Та бүхэнтэй хамтран эхлүүлсэн төслүүдийг цааш үргэлжлүүлэх, ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэхэд анхаарал хандуулж байна. Тухайлбал, усны эх үүсвэрүүдийг эрчим хүчинд ашиглахад гол анхаарлаа хандуулж байна. УИХ-аас сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэх бүхий л санал санаачилгыг дэмжиж, тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах болно. Дэлхийн банкнаас ногоон эрчим хүчийг бий болгоход гол хамтрагч байна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээв.


Дэлхийн банк Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд манай улсад “Эрчим хүч-2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цахим уулзалтын үеэр эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

相关新闻