Увс аймгийн дунд сургуульд “Тайванийн нэрэмжит анги” байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Өндөрхангай сумын дунд сургуульд байгуулж буй "Тайванийн нэрэмжит анги"-д тайваньчууд дэмжлэг үзүүлж ном болон компьютер хандивлалаа.
Хандивын ёслол 10 дугаар сарын 20-нд Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газарт болов.
"Сэтгэлийн шим дэм" ТББ-ын тэргүүн Д.Мөнхцэцэг Өндөрхангай сумын дунд сургуультай найрсаг харилцаа тогтоож байгаад болон тус сургуулийн сурагчдын сурах орчинг илүү сайжруулахад анхаарч буй Тайвань болон Тайванийн төлөөлөгчийн газарт талархал илэрхийлэв.
Ёслолын ажиллагаанд сургуулийн захирал Ё.Ганбаяр цахимаар оролцож, “Хойтон болох тус сургуулийн 100 жилийн ойтой давхцан нэг анги танхимыг "Тайванийн нэрэмжит анги" болгоход тусалсанд талархал илэрхийлээд, цаашид тус сургууль Монголын боловсон хүчнийг бэлтгэхээс гадна Тайвань, Монгол хоёр талын харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ, “Тайвань нь өндөр чанартай дээд боловсролтой, аюулгүй, тав тухтай суралцах, амьдрах орчинтой, хятад, англи хэлийг зэрэг сурахаас гадна сургуулиа төгсөөд Тайваньд ажиллах боломжтой. Энэ анги нь Увс аймгийн залуучууд хүүхдэд Тайванийн талаар илүү ихийг мэдэхэд тусалж, тус аймгийн сурагчдыг Тайванийн Засгийн газрын тэтгэлэг, төрийн болон хувийн хэвшлийн олон их, дээд сургуулиудын тэтгэлэгт хамрагдаж Тайваньд суралцахын төлөө шаргуу суралцахад нь тусална гэж найдаж байна” гэв.