А.В.Мешкова: Монгол, Оросын сэтгүүлчид мэдээллийн “Байкал” төвөөр дамжин хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-11-03 18:09:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хоёр орны харилцаа, хамтын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ. Үүний нэг нь Монгол Улс, ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн уулзалт Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр болов. Энд хоёр улсын 20 гаруй байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчид, сэтгүүлзүйн судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.




Чуулганд илтгэл тавьсан ОХУ-ын хамгийн ойроос ирсэн төлөөлөгч, Бүгд найрамдах Буриад улсаас телевизийн “Мир Буриады” буюу “Буриадын ертөнц” сувгын ерөнхий захирал А.В.Мешковагийн сэтгэгдлийг сонсвол, “Хоёр орны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага олон талаар харилцан хамтран ажиллаж байна. Манай Буриад улс ОХУ-аас Монгол Улстай хамгийн их өргөн нутаг дэвсгэрээр хиллэдэг. Тиймээс манай телевиз Монгол Улсын тухай “Газрын дунд” болон “Дорнодын альянс” гэсэн нэвтрүүлгийг олон жил хийн  гаргаж хоёр улсын болон хил орчмын бүсүүдийн хамтын ажиллагааны хамгийн ойрын гүүр болон ажиллаж байна. Энд Монгол Улсын мэргэжил нэгт нөхөд мөн оролцон хамтран ажилладаг” гэсэн юм.






Түүнээс Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ОХУ-ын мэргэжилт нэгт нөхөдтэй яаж холбогдож, харилцах талаар тодруулахад тэрээр, “Та бүхэн ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничесвто” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон Улаанбаатар дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухааны соёлын төвийн дэргэд мэдээллийн “Байкал” төв нээгдсэнийг сайн мэдэж байгаа байх.

Тиймээс мэдээллийн энэ талбар болох төвөөр дамжуулан ОХУ-ын сэтгүүлчид, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй, та бүхнийг урьж байна. Орос, Монголын сэтгүүлчид мэдээллийн ертөнцийн хязгааргүй орон зайг хамтдаа эзэмшин хоёр орны хүн ард, улстөр, нийгмийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийг төлөө ажиллая” гэсэн юм. Тэрээр, "ОХУ-д сүүлийн үед бие даасан ХМХ олноор байгуулж гарч ирж байгаа. Энэ бол сайн зүйл" гэдгийг тодотгов.


ОХУ-д өнгөрсөн оны байдлаар хэвлэл мэдээллийн 62 мянга гаруй хэрэгсэл ажиллаж байна. Жил бүр 5 мянган шинэ ХМХ бүртгүүлэхээр хүсэлтээ гаргадаг. 2020 онд 4893 ХМХ хүсэлтээ гаргаснаас 3500-д нь зөвшөөрөл олгожээ. 




ОХУ-ын Эрхүү мужийн телевизийн “Тивиси” сувгын захирал Галина Тюрнева, “Монгол Улсын ХМХ эрх чөлөөтэй, олон сонголттой ажиллаж байгаа нь сайн үзүүлэлт. Бид иргэд, төр_ засгийг холбох гүүр болон ажиллах учиртай. Энэ бол аль ч улс орны сэтгүүлчид, ХМХ-ийн үүрэг юм. Үүний төлөө хамтдаа ажиллацгаая" гэсэн юм. 




Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааны чуулган 2 дахь удаагаа болж байна. Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хоорондын хамтын ажиллагааг дурдвал, манай улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын "ТАСС", "Россия сегодня" зэрэг мэдээллийн томоохон байгууллагуудтай мэдээлэл, сэтгүүлч солилцох, хоёр орныг сурталчилан таниулах, МҮОНРТ мөн улсын телевизүүдтэй олон жил хамтран ажиллаж буйг өнөөдрийн уулзалтад оролцогчид онцолж байв. 









Гэрэл зургуудыг Т.Чимгээ

相关新闻