Хууль бусаар эвдэгдэн орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас уул уурхай олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд явцын хяналт шалгалт хийн, зөвлөн туслах арга хэмжээг авчээ.
Шалгалтад тус аймгийн Есөнбулаг, Чандмань, Цогт, Цээл, Бугат, Тонхил, Шарга сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Болд гянт болд” ХХК-ийн Зүүн сайр, “Алтай хүдэр” ХХК-ийн Таяннуур, “Гоби коулд энд энержи” ХХК-ийн Зээгт, “Цогц эрин транс” ХХК-ийн Бөөрөгийн уурхайд болон тэсрэх материалын үйлдвэр, агуулахын “Майн бласт” ХХК хамрагдлаа. Хяналт шалгалтаар дээрх уурхайнуудын 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцан заавар зөвлөмж өгсөн байна. Мөн эвдэгдэн орхигдсон талбайд нөхөн сэргээлт хэрхэн хийсэнтэй танилцан засаж сайжруулах үүрэг чиглэл өглөө хэмээн БОАЖГ-аас мэдээлэв.
Нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд “Хан алтай ресурс” ХХК Есөнбулаг сумын Баяншанд багийн нутагт байрлах Суваргын ар салаанд хууль бусаар эвдэгдэн орхигдсон 2 га, "Болд гянт болд" ХХК Ямаан усны аманд эвдэгдэн орхигдсон 4.14 га талбайд тус тус техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэжээ.
Харин “Алтайн Хүдэр” ХХК тээвэрлэлтийн замд ашиглагдсан 5 карьерын 16 га талбай, “Цогт эрин трансс” ХХК уурхайн олборлолт явуулсан 22,57 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн нь стандартын шаардлага хангаагүй тул засаж сайжруулах чиглэл өгсөн аж.