АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулинд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулахаар санал хүргүүлсэн юм. Чуулганы хуралдааны өмнө Хууль зүйн байнгын хороо хуралдаж, түүнийг тус газрын даргаар томилохыг дэмжээд буй.
Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр АТГ-ын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Х.Энхжаргалын талаарх товч танилцуулгыг хийв. Тэрбээр, "Хүрэлсүхийн Энхжаргал нь 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. Одоо Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байна" гэлээ.
Үүний дараа гишүүдийн зүгээс авлигатай тэмцэх үйл явц олон улсын түвшинд ахихгүй байна. Иймээс авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг парламентаас бүрдүүлж өгөх, тэр дундаа төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, улс төрийн намуудын санхүүжилтыг ил тод, оновчтой болгох, авлигаас урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлэх зэрэг асуудлыг анхааралдаа авч ажиллахыг захив.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ. Үүгээр АТГ шинэ удирдлагатай болж байна.
Б.Туул