Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо.
Энэ үеэр гишүүд асуулт асууж, хувийн захиасаа хэлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан,
- Аливаа улсын Засгийн газар бодлогын зээл авдаг. Манай улсын Засгийн газар шиг арилжааны зээл авдаг газар цөөн. Улс орноо зөв бодлогоор удирдахыг олон улсын байгууллагаас зөвлөж буйг анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, -Газар тариалангийн асуудлыг ойлгох хүн Ерөнхий сайдаар ажиллах болсныг дэмжиж байна. Нэгдүгээрт Шийдлийн Засгийн газар анх гарч ирэхдээ нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэж байсан. Миний хувьд мөн хариуцлага гэж гурван удаа хэлээч ээ гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Иймээс Засгийн газраас гадна бүх шатанд хариуцлага, сахилга, дэг журмыг хэнээс ч үл эмээж хангаарай. Манай улс хүнд эдийн засагтай улс биш. Зөв менежмент хийгээд зөв баг бүрдүүлээд оновчтой бодлого хэрэгжүүлвэл эдийн засгаа авч гарах боломж бий. Мөн хоёр хөрштэйгээ хамтарч, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар, -Аймаг, орон нутгийн амьдрал мэдэх хүнийг Ерөнхий сайдаар томилж байгаад баяртай байна. Олон улсын бизнесийн суурин төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалтын орчны нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг сонсохоос ажлаа эхэлнэ байх хэмээн уламжилсаныг дамжуулж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, -Таныг энэхүү чуулганаас 100 хувийн саналаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн өнөөдрөөс эхэлж эдийн засагт анхаарлаа хандуулж ажиллана биз ээ. Зарим улс өнөөгийн үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг сайжруулахад амархан мэтээр ярьж байна. Өөдрөгөөр ярихад болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ хүндрэл байгаа гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, -Орон нутагт ажилласан туршлагатай, өмнө нь Сангийн сайдаар ажилласан тул дэмжиж байна. Өнөөдөр Монголын эдийн засаг хүнд байна. Эдийн засагчид “онош”-оо буруу тавиад байсан. Иймд “онош”-оо зөв тавиарай. Ирэх жилүүдэд эрчим хүч, тэр дундаа ХАА-н хөгжлийг түлхүү анхаарч ажиллах нь хэмээн харж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, -Зөв үйл ажиллагаа чинь дэмжиж ажиллана. Буруу үйл ажиллагаанд чинь хуулийн дагуу хатуу байх болно. Энэ Засгийн газар ард түмний дэмжлэг авсан Засгийн газар байгаасай хэмээн хүсч байна. Иймээс ард түмэндээ үнэнийг хэлж, улмаар илааршуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Бодоогүй хүнд шийдвэр гаргаж магадгүй шүү. Гуравдугаарт Засгийн газар хууль биелүүлдэг байгаасай. Хууль биелүүлэхгүй байсан нь өмнөх Засгийн газруудын алдаа шүү. Хууль биелүүлэхгүй бол Засгийн газрын “бие” чангарахгүй. Би бусаддаа хэлж байгаа. Хууль биелүүлнэ шүү хэмээн захиж байгаа. Мөн Тавантолгойн 300 мянган төгрөгийн учрыг олоорой.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, -Залуу хүн эр зоригийн илэрхийлэл байх ёстой. Эргэн тойрондоо байгаа олигархыг битгий дагаарай. 26 жил Монголын төрөөр тоглосон хүмүүс уруу татах гэж оролдоно. Та бол 70 оны төлөөлөл. Монголыг 70, 80 оны төлөөллүүд өөрчилж чадна. Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр яваарай.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэхэд анхаараарай. Хөрөнгийн зах зээлийг цэвэр мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлээрэй. Даатгалын салбарыг нэгтгэсэн дата баг байгуулахад анхаараарай.
Ерөнхий сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гишүүдийн асуусан асуултад, "Мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана. Мэргэжлийн Засгийн газар гэдэг нь зөвхөн удирдлага нь мэргэжлийн байна гэсэн үг биш. Шат шатандаа мэргэжлийн байж ийм Засгийн газрыг байгуулна гэж үзэж байна" гэв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн бөгөөд үүний дараа шинэ Ерөнхий сайд нийт иргэд сонгогчиддоо хандаж үг хэллээ.
Жаргалтулгын Эрдэнэбатын товч намтар
Төгссөн сургууль, мэргэжил
1981 - 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль
1992 - 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
1997 - 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
2002 - 2004 онд Удирдлагын академи
2003 - 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол
Эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал
1996 - 1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХКомпанид нягтлан бодогч
1997 - 2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
2000 - 2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
2004 - 2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
2005 - 2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
2008 - 2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2010 онд Алтангадас одон
Гадаад хэл: англи
Б.Туул