Японы эрх баригч эвсэл парламентын доод танхимд үнэмлэхүй олонхын суудлаа хадгалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Либерал Ардчилсан нам (ЛАН) болон “Комэйто” намаас бүрдсэн Японы эрх баригч эвсэл ням гарагт болсон парламентын доод танхимын сонгуулиар зарим суудлаа алдсан ч үнэмлэхүй олонхын суудлаа хадгалж үлджээ.
Санал хураалтын урьдчилсан дүнгээр, ЛАН 465 суудлын дор хаяж 259-ийг нь авсан бол "Комэйто" нам 31 суудал авч байна. Ингэснээр эрх баригч эвсэл доод танхимд үнэмлэхүй олонх (261-ээс дээш суудал) болох баталгаа болж буй юм.
Үүний зэрэгцээ өмнөх 2017 оны сонгуультай харьцуулахад ЛАН бага зэрэг муу үр дүн үзүүллээ. Тухайн үед тус нам 276 суудал авч байв. Нөгөөтээгүүр, ЛАН-ыг энгийн олонхын суудлаа ч (233) алдана гэж сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын дүндээ үндэслэн урьдчилан таамаглаж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн урьдчилсан таамаг биелсэнгүй.
Сөрөг хүчний гол нам болох Үндсэн хуулийн Ардчилсан намын депутатууд одоогоор 94-өөс доошгүй мандат авч, улмаар энэ удаагийн сонгуульд өмнөх 112 суудлынхаа тодорхой хэсгийг алдаж байна. Японы Сэргэн мандалтын нам 11 суудлын оронд 40 суудал авч өндөр үр дүн үзүүлжээ. Коммунист нам болон Ардын Ардчилсан нам одоогоор тус тус 10 суудал авч байна. Үлдсэн мандатыг бусад жижиг намууд болон бие даан нэр дэвшигчид авчээ.
Санал тоолох ажил үргэлжилж байна. Гэхдээ одоогийн хүчний харьцаа төдийлөн өөрчлөгдөхгүй. Сонгуулийн ирц 55 хувиас давсан бол сонгогчдын 20 орчим хувь нь хугацаанаасаа өмнө саналаа өгсөн байна.
ЛАН-ын дарга, Ерөнхий сайд Кишида Фүмио сонгуулийн дүнг нааштай үнэлсэн байна. Түүний хэлснээр, сонгуулийн дүн эрх баригч намд итгэх олон нийтийн итгэлийг харууллаа.
Японы Засгийн газрын тэргүүн мөн сонгуулийн дараа Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бодолгүй байгаагаа мэдэгджээ.