Малчид хуванцар сав суулгаас татгалзан, уламжлалт эд зүйлийг хэрэглээгээ болгож байна

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2021-10-29 16:28:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Хархорин сумын Нарийн хүр багийн иргэн “Аймгийн аварга малчин Ц.Гончигсүрэнгийнх хуванцар сав суулгаас татгалзан, модон андуу, үхрийн ширээр өөрсдөө хийсэн хөхүүр, борви болон хүнсний зориулалтын төмөр сав суулга, шанага, даавуун уутыг өдөр тутмын хэрэглээгээ болгожээ.

Эднийх сүү, цагаан идээ боловсруулж, ашиг шимийг нь хүртэхээс гадна дэл, сүүл, ноосоор оосор хошлон, тоононы эргүүлэг, олом зэргээ томж, уламжлалт аргаар арьс ширээ өөрсдөө боловсруулан хазаар, ногт, зэл, татлага, сур хийж ахуйдаа хэрэглэж байна.

Мөн Онгоцон ухаа багийн иргэн  “Аймгийн аварга малчин, "Алтан төлийн эзэн", "Алтан ишигний эзэн" Ц.Баасангийнх хуванцар сав суулгаас бүрэн татгалзан эцэг өвгөдөөс уламжилж ирсэн модон андуу болон үхэр, ямааны арьс ширээр хөхүүр, хөөрцөг, хутгуур богц хийж, хүнсний зориулалтын төмөр сав суулга, шанага, даавуун уутыг өдөр тутмын хэрэглээгээ болгожээ.