Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотыг байгуулсны түүхт 382 жилийн ойн энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг хотын удирдлагуудад гардууллаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ долоодугаар сарын 7-нд шинэчлэн баталсан. Хуульд, иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн зохицуулсан юм. Мөн хуулийн шинэчлэлээр төвлөрлийг сааруулахын тулд Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлийн бүс байгуулах, Аэросити, Майдар зэрэг дагуул хотыг хөгжүүлэх боломж нээгдэж байна.
Хууль батлагдсанаар, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг бий болгох, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах зэрэг эрх зүйн томоохон үндэс суурийг бий болгож өгсөн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар эх бичвэр гардах үеэрээ онцолж байв. Түүнчлэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Нийслэлээс сонгогдсон гишүүд, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал хариуцсан түр хорооны гишүүд голлох үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь Улаанбаатар хотын Үндсэн хууль гэж хэлж болохыг тодорхойлоод, "Хууль хэрэгжиж эхэлснээр Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд эрх зүйн талаас бүхий л боломжийг нээж өгч байгаа. Бие даасан эдийн засагтай болох суурийг тавьж өгч байгаа учраас нийгэм, эдийн засгийн хувьд хөгжил, дэвшлийг авчирна гэсэн томоохон хүлээлттэй байна. Цаашид бодлогын түвшинд энэ хурдаараа явбал 10 жилийн дотор Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж харж байгаа" хэмээн онцолсон юм.
Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд нийт 15 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгажээ.