Жей Ло, Спирс, Блэйж нар Орландогийн хохирогчдод зориулсан дуунд хамтран дуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /VOA/. Гутаан доромжлолтын эсрэг ижил хүйстнүүдийн холбоо /GLAAD/ болон “Интерскоп” дуу бичлэгийн студи хамтран өнгөрсөн сард Флорида мужийн Орландо хотод болсон аймшигт халдлагад өртөж хохирсон хүмүүст зориулсан дууг хамтран зохиож, түүнийг нь Женнифер Лопез, Бритни Спирс, Мэри Ж.Блэйж нар хамтран дуулах ажээ.
“Hands” буюу “Гарнууд” хэмээх нэртэй уг дууг лхагва гарагаас эхлэн “iTunes”-аар цацан борлуулж эхэлжээ. Энэ дууг дуулахад Селена Гомез, Имэйжин Драгонс, Жуанес, Пинк, РуПаул, Мегэн Трэйнор болон Гвен Стефани нар мөн оролцжээ.
Борлуулалтаас олсон орлогыг Флоридагийн хохирогчдын сан, GLAAD болон Флоридагийн ЛГБТ төвүүдэд хандивлах юм.
Зургадугаар сарын 12-нд “Пулс” хэмээх ижил хүйстнүүдийн цуглардаг шөнийн клубт террорист халдлага болсны улмаас 49 хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан билээ.
“Hands” дууг Грэммийн шагналт Марк Ронсон /Эми Уайнхаус, Бруно Марс/ хамтран найруулсан бол ая, үгийг, Жастин Биберийн "Sorry”, мөн Селена Гомесийн хамтран "Good for You'' зэрэг дуунуудыг зохиосон Жулиа Майклс, Жастин Трантер нар хамтран бичжээ.
Х.Сарнай