Технологийн шинэчлэлийн өгөөжийг хамгийн ихээр хүртэж буй 7 орныг нэрлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЖЕНЕВ. /VOA/. Давосын эдийн засгийн форумыг зохион байгуулагчдын хийсэн судалгаагаар АНУ, Сингапур, Финланд, Голланд, Швед, Швейцарь, Израиль гэсэн долоон улс эдийн засгийн болон дижитал инновациас хамгийн ихээр ашиг хүртэж байгаа ажээ.
Энэ хандлага нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд аль хэдийн бий болсон хөгжлийн зааг ялгааг улам бүр ихэсгэж байна гэж Женевт төвтэй Дэлхийн эдийн засгийн форум /ДЭЗФ/ "Олон улсын мэдээллийн технологийн тайланд"-аа дурджээ.
Засгийн газрууд болон бизнес эрхлэгчид дижитал технологийг хангалттай хэмжээгээр хөшүүрэг болгон ашиглаж чадахгүй байна гэж ДЭЗФ-ын өрсөлдөөний асуудал эрхэлсэн захирал Маргарета Дрзениек-Хануз үзэж байна. Хөгжиж буй орнууд технологийн хямд төсөр боломжуудыг бий болгох замаар ашиг хүртэх боломжтой гэдгийг тэрбээр дурдаад, зарим орон интернетийг гар утасны төлбөр төлөх систем болгох гэх зэргээр бизнесийн шинэ загварыг ашиглаж байгааг дурджээ.
289 хуудас бүхий энэ тайланг бичсэн хүмүүс бол Францын “Insead” бизнесийн сургууль, Корнеллийн их сургууль, АНУ-ын “Cisco Systems” технологийн компанийн судлаачид юм. Шинээр гарч ирж буй технологиудын өгөөжийг хүртэхэд улс орнууд хэр зэрэг бэлэн байна вэ гэдгийг тодорхойлдог Сүлжээний бэлэн байдлын индексээр Сингапур дэлхийд тэргүүлсэн бол эхний 10 байранд АНУ, Япон болон Европын долоон орон оржээ.
Харин ОХУ 41 дүгээрт, БНХАУ гурван байр дэвшиж 59-т орсон бол ӨАБНУ 10 байраар ахиж 65-д бичигдсэн байна. Монгол Улсын хувьд Сүлжээний бэлэн байдлын индексээр 85-д оржээ.
Д.Нямтулга