Шунхлай худалдааны төвийн түрээслэгчид хүсэлт гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шунхлай худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Арвайхээр сумын баруун урд хэсэгт байгуулагдаад 7 сарын хугацаа өнгөрч байгаа тус төвийн түрээслэгчид өөрийн гэсэн үйлчлүүлэгчгүйгээс болж эдийн засгийн хүнд байдалд ороод байгаа юм.
Төв зах орчмын гэр ахуй, хүнс, бараа худалдааны чингэлэг болон орон нутгийн 13 сумын нийтийн тээврийн зогсоолыг “Шунхлай” худалдааны төв рүү нүүлгэх шийдвэрийг өнгөрөгч 5 дугаар сард Арвайхээр сумын Засаг даргаас гаргаж байсан бөгөөд энэхүү захирамж одоог хүртэл хэрэгжихгүй байгаа учраас "хяналт тавьж, ажил хэрэг болгож өгөөч" гэсэн хүсэлтийг албан бичгээр өглөө.
Шунхлай худалдааны төвд өнөөдрийн байдлаар 50 орчим иргэн лангуу түрээслэн худалдаа эрхэлж байгаа ба олон сар орлогоггүй байсаар бараа бүтээгдэхүүнийх нь хугацаа дуусан, чанар нь муудаж, санхүүгийн хувьд эрсдэлд ороод байгаа аж. Аймгийн Засаг даргын зүгээс сумдын нийтийн тээврийн зогсоолыг Шунхлай худалдааны төв рүү нүүлгэх асуудлаар холбогдох албаныхантай ярилцаж, үүрэг чиглэл өгье хэмээв.