“COVID-19”-тэй бас нэгэн өвөл

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-12 16:45:10

ВАШИНГТОН. /The New Yorker/. АНУ-д коронавирусний цар тахал одоогоор намжиж байгаа бололтой байна. Есдүгээр сарын эхэн үеэс хойш өдөрт илрэх коронавирусний халдварын тохиолдлын тоо 30 хувиар, өдөрт эмнэлэгт хүргэгдэх хүний тоо 25 гаруй хувиар буураад байна. Халдвараар нас барсан хүмүүсийн тоог халдварын тохиолдолтой харьцуулахад хэдэн долоо хоногийн турш буурахгүй хэвээр байсан ч одоо хамгийн өндөр үзүүлэлтээсээ буурч эхлээд байна. Гэхдээ зарим бүс нутагт халдвартай үргэлжлүүлэн тэмцсээр байна. Тухайлбал, хүн амынх нь дөнгөж тэн хагас нь вакцинд бүрэн хамрагдсан Аляска муж улсад эмнэлгийн ачаалал их, эмч нар эрчимт эмчилгээний тасагт ажилласан хэвээр байна. Нөхцөл байдлыг өргөн хүрээнд орон даяар авч үзвэл, “Дельта” хувилбарын тархалт намжиж буй байдал ажиглагдаж байна. Ийнхүү одоо “Ирэх өвөл нөхцөл байдал хэрхэх бол?” гэсэн асуулт урган гарч ирж байна.


Үүнд өөдрөгөөр хариулах хэд хэдэн шалтгаан бий. Тэдгээрийг дурдвал, АНУ-ын насанд хүрсэн хүн амын 78 хувь нь “COVID-19”-ийн вакцины дор хаяж нэг тунд хамрагдаад байгаа бөгөөд вакцинд заавал хамрагдахыг шаардсан шийдвэрүүд энэ үзүүлэлтийг улам ахиулж байна. Эрсдэлтэй бүлгийн олон сая иргэн нэмэлт тунд хамрагдаж, “Pfizer-BioNTech”-ийн вакциныг сүнсний баяр гэхэд 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрч магадгүй байна. Мөн энэ сарын эхээр “Merck” компани вирусний эсрэг “молнупиравир” эм “COVID-19”-өөр халдварласан хөнгөн, дунд өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулж буйг тогтоосноо мэдэгдсэн юм. Энэхүү эмийг судас, тарилгаар бус дотуур ууж хэрэглэдэг тул “COVID-19”-ийг эмнэлгээс гадуур эмчлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой бөгөөд ингэснээр цөөн хүн эмнэлэгт эмчлүүлнэ. Үүний зэрэгцээ сургууль, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад туслах антигений түргэн шинжилгээг өргөн хүрээгээр хэрэглэхэд тун ойртоод байна. Энэхүү ахиц дэвшил нь америкчуудын дор хаяж гуравны нэг нь вирусээр халдварлаж, байгалийн янз бүрийн түвшний дархлаатай болоод буй үед гарч буйгаараа онцлогтой.


Гэхдээ таагүй хэтийн төлөв ч мөн буйг дурдах нь зүйтэй. АНУ чинээлэг ардчилсан орнуудын дундаа вакцинжуулалтын түвшнээрээ сүүл мушгиж байгаагаар зогсохгүй Уругвай, Камбож, Монгол зэрэг хөгжиж буй олон орноос хоцорч байна. Мөн вакциныг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчтэй өрнөсөн хэвээр байна. Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт эсэргүүцэгчид Нью-Йорк хот дахь “COVID-19”-ийн шинжилгээний цэгийг нураажээ. “Kaiser Family Foundation” байгууллагын мэдээлснээр, насанд хүрсэн зургаан хүн тутмын нэг нь вакцин хийлгэхийг тууштай эсэргүүцэж байгаагаас гадна эцэг эхчүүдийн ердөө гуравны нэг нь холбогдох зөвшөөрөл гарсан даруйд хүүхдүүдээ вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа бол дөрөвний нэг нь “огт” хийлгэхгүй гэдгээ илэрхийлээд байна. 65-аас дээш насны иргэдийнх нь 97 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа Их Британид “Дельта” хувилбар тархах үеэр өдөрт илрэх халдварын шинэ тохиолдол урьд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн 80 хувьд хүрч өссөн ч өдөрт нас барсан тохиолдлын тоо долоон хувьтай нь тэнцэж байв. Харин өндөр настай иргэдийн дөнгөж 84 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа АНУ-д халдвар авсан, нас барсан тохиолдлын аль аль нь өнгөрсөн өвөл бүртгэгдсэн үзүүлэлтүүдийн гуравны хоёрт хүрч нэмэгджээ. “Brown” их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Ашиш Жагаас “Өнгөрсөн өвлийнхтэй адил хүнд нөхцөл байдал үүсэж болзошгүй эсэх” талаар тодруулахад тэрбээр, “Энэ асуултад бид үгүй гэж баттай хариулах боломжтой гэж бодож байна. Гэвч “Дельта” хувилбар вакцинд хамрагдаагүй хүмүүсийг “олж”, тэднээр дамжиж байгааг хүмүүс сайн ойлгохгүй байна. Хэрэв та Америкт амьдардаг ахимаг настай мөртлөө вакцинд хамрагдаагүй бол тун хүнд өвөл болох нь” гэв.


Өнгөрсөн жил хагасын хугацаанд вирус бид бүгдийг удаа дараа гайхшруулсан нь халдвар хамгааллын арга хэмжээнүүдийг өөрчилж, буцааж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Тухайлбал, вирус нэг газарт эрчимтэй тархаж байхад өөр газарт үгүй байгаа нь, мөн яагаад намждаг, цаашид хэрхэн хувьсан өөрчлөгдөх нь тодорхойгүй байсаар ирсэн. Үүнээс гадна судлаачдын дэвшүүлсэн таамаглалуудыг олон хүчин зүйл бүдгэрүүлж, тэр бүр нь бидний амьдралын ердийн хэв маягийг улам бүр алдагдуулах аюул нүүрлүүлж байна. Тийнхүү одоог болтол тодорхойгүй хэвээр байгаа зүйлс олон байна. Нийгэм нээлттэй болох үед халдварын үзүүлэлтүүд бараг л байнга нэмэгддэг байсан. АНУ-д ихэнх аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээж, хатуу хязгаарлалтуудыг цуцалж, сургууль, коллежийн сургалтыг танхимаар эхлүүлээд байгаагаас гадна цаг агаар хүйтэрч, бид битүү орчинд илүү их цагийг өнгөрүүлэх болоод байна. Энэ бүгд нь халдвар тархах эрсдэл цаашид улам нэмэгдэнэ гэдгийг харуулж байна.


Халдварын энэ тархалтын үр дагавар нь хэчнээн хүн халдварт өртөмтгий хэвээр байгаагаас гадна дархлаа хэр зэрэг сулрахаас хамаарна. Байгалийн дархлаа тогтсон хүмүүсийн үзүүлэлт өндөр, вакцинжуулалтын түвшин сул байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам асуудал болж магадгүй. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ Кентукки муж улсад саяхан явуулсан судалгаагаар өмнө нь коронавирусээр халдварласан ч вакцинд хамрагдаж байгаагүй хүмүүсийг халдвар авсныхаа дараа вакцин хийлгэсэн хүмүүстэй харьцуулахад дахин халдвар авах магадлал нь хоёр дахин өндөр байгааг олж тогтоожээ. Харин вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд халдвар авах тохиолдол ховор, санаа зовохуйц хэмжээнд биш байгаа бөгөөд ийм зүйл тохиолдсон ч ерөнхийдөө хөнгөн тусна. Энэ нь “Дельта” хувилбарт ч мөн ижил байна. Харин дархлаа султай, тэр дундаа өндөр настай хүмүүсийн хувьд ховор тохиолдлын тоонд багтвал хүндрэх эрсдэл цаг мөч өнгөрөх тусам нэмэгдэх хандлагатай байна. Бидний дархлаа вакцины нэмэлт тунг хийлгэх, дахин халдвар авах, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сайжирч, суларна. Калифорнийн их сургуулийн профессор Роберт Вахтерын хувьд үүнийг “Алтан хаалга” гүүрийг сэргээн будахтай адилтган тайлбарлажээ. Түүнчлэн коронавирусний шинэ хувилбар нь нөхцөл байдлыг улам дордуулах эрсдэлтэй байна.


Дэлхийн бага орлоготой орнуудын хүн амын ердөө хоёрхон хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдаад байгаа нь ёс суртахууны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны хувьд томоохон алдаа дутагдал юм. Үүнээс шалтгаалан вакцин хийлгэснээр нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой энэ өвчнөөр дэлхий дахинд долоо хоног тутам олон мянган хүн нас барж, вирус хараа хяналтгүйгээр үргэлжлэн тархаж, улам аюултай хувилбарууд шинээр үүсэх магадлал өсөж байна. Зургаадугаар сард АНУ-д өдөрт илрэх халдварлын тохиолдлын тоо одоогийнхоoс 10 дахин бага буюу цар тахал дэгдсэнээс хойших хамгийн бага үзүүлэлтэд хүрч буурсан. Гэвч “Дельта” хувилбар дэгдсэнээр Америкийн 100 мянга орчим иргэн нас баржээ. “Цаашид нөхцөл байдал хэрхэх нь вирус хэрхэн хувьсан өөрчлөгдөхөөс ихээхэн хамаарна. Бид халдварыг дэлхийн хэмжээнд хяналтад авч чадаагүй л байна. Одоогоор АНУ-д коронавирусний аюултай шинэ хувилбар илрээгүй байна. “Альфа”, “Бета”, “Гамма”, “Дельта” бүгд өөр улс оронд анх илэрсэн. Гэвч цаашид ийм хувилбар үүсэхийг үгүйсгэхгүй” гэж “Scripps Research судалгааны хүрээлэнгийн дарга Эрик Тополь хэллээ.


Энэ өвөл нүүрлэж болзошгүй халдварын нөхцөл байдлаас сэргийлэхэд хувь хүмүүсээс хамаарах зүйл бага боловч бидний дархлааны тогтолцоо бэлэн байх эсэх нь өнөөдөр хийх сонголтоос хамаарна. Вакцинжуулалтын түвшин хэдхэн хувийн зөрүүтэй байсан ч үр дагавар нь асар их, ялангуяа тодорхой бүлэг хүмүүс, эрсдэлтэй бүлгийн дунд вакцинд хамрагдсан үзүүлэлт сул байвал. Тиймээс бизнесийн үйл ажиллагаа, хувилбар, дархлаа зэрэг ойлголтуудыг хүмүүсийн нас, эрүүл мэнд, эрсдэлийг тэсвэрлэх чадвар, мөн хөршүүдийн шийдвэртэй уялдуулах нь хамгийн аюулгүй таамаглал байж болох юм. Хэдий бид цар тахлын эсрэг тэмцэлд зэрэг хөл тавьсан ч түүнийг өөр өөр хурдаар, өөр өөр хугацаанд даван туулна. 


Энэхүү нийтлэлийг "The New Yorker" сэтгүүлийн нийтлэлч Друв Хуллар бичжээ. Тэрбээр анагаах ухаан, эрүүл мэнд, улс төрийн сэдвээр нийтлэл бичдэг ажээ. 

相关新闻