Ноён Дэйв Престон тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Австралийн холбооны улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ноён Дэйв Престон тэргүүтэй албаны
хүмүүс өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Ноён Дэйв Престон тэргүүтэй төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Ш.Оргил
хүлээн авч уулзан санал солилцлоо. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Сэлэнгэ
аймгийн эдийн засаг, нийгмийн давуу тал, онцлогийг танилцуулав.
Тэрбээр Австрали-Монгол хоёр улсын дипломат харилцааны хүрээнд хамгийн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр бол “Австралийн тэтгэлэгт хөтөлбөр” болохыг онцолсон. Энэхүү хөтөлбөр нь 1990 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд Монгол Улсын 600 гаруй иргэн хамрагдан салбар бүрдээ нэр төртэй ажиллаж байгааг цохон тэмэгдэглэсэн юм.
Тэрээр аймгийн Засаг даргын мэдээлэлд тулгуурлан уламжлалт боловсрол, эрүүл мэндийн салбараас гадна хөдөө аж ахуйн салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн. Ноён Дэйв Престон өөрөө хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн ажээ. Аймгийн Засаг дарга цар тахлын улмаас улс орны хэмжээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хийж бүтээж байгаа хүмүүст маш их эрсдэл үүсээд байгаа. Эргээд сэргэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд олон хүчин зүйлс нөлөөлж байна. Сэлэнгэ аймаг үр тариа, төмс хүнсний ногоогоор улс эх орноо хангах үүргийг нуруун дээрээ үүрч явдаг. Мөн тус аймгийн хувьд жимс жимсгэнэ тариалалтыг нэмэгдүүлж ажиллахыг бас зорьж байгаа гэдгээ хэллээ.
Австрали улс нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжлөөрөө өөрийн гэсэн туршлагатай улс учир энэ салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг тэрбээр ярьж байв. Мөн Австрали улсын тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бөгөөд бусад улс оронд боловсролыг түгээх чиглэлээр Австрали улс онцгой анхаарч байгаа гэлээ. Дэйв Престон болон албаны хүмүүс төрийн албан хаагчид, багш, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулав.
Энэ үеэр тус хөтөлбөрт амжилттай хамрагдаж магистрын зэргээ хамгаалаад ирсэн
Сэлэнгэ аймгийн иргэн н.Лхагвасүрэн өөрийн суралцсан туршлагаасаа танилцууллаа.
Эл тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org
цахим хуудсаас авч болох юм байна.