Эмэгтэйчүүдийн интернэтийн хэрэглээ өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-07 18:32:36

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хөдөөд амьдарч буй хүн амын 51.4 хувь нь интернэт хэрэглэдэг болжээ.

2020 оны судалгаагаар интернэт хэрэглэгчдийг байршлаар нь авч үзэхэд аймгийн төвд ба суурин газар амьдарч буй хүн амын 62 хувь нь, хөдөөд амьдарч буй хүн амын 51.4 хувь нь интернэт хэрэглэж байна. 2010 онтой харьцуулбал хөдөөгийн хүн амын интернэтийн хэрэглээ 46.4 пунктээр, хотын хүн амынх 32.4 пунктээр тус тус өссөн байна.

Зургаа ба түүнээс дээш настай интернэт хэрэглэгчдийг хүйсээр харахад эмэгтэйчүүдийн 56.2 хувь, эрэгтэйчүүдийн 51.3 хувь нь хэрэглэдэг байна. Энэ үзүүлэлтийг насны бүлгээр харахад 6-9 нас, 25-29 насны бүлэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их. Харин бусад насны бүлгийн хувьд эмэгтэйчүүдийн интернэтийн хэрэглээ их байна. Аймгийн нийт хэрэглэгчдийн 47.4 хувь нь интернэтийг байнга ашигладаг гэсэн байна. Харин 52.6 хувь нь шаардлагатай үедээ буюу интернэт кафе, найз нөхөд, бусад хүмүүсийн интернэтэд холбогдсон шугамаар ашиглаж байгаа нь 2010 оны дүнгээс 14.0 пунктээр буурчээ.

Мөн аймгийн 24 сумаас интернэт хэрэглэгчдийг сумдаар нь харьцуулбал Яруу, Эрдэнэхайрхан, Их-Уул сум хамгийн бага хувьтай байна. Харин Ургамал, Улиастай, Тэс сум суурин газрын интернэт хэрэглээ бусад сумтай харьцуулахад харьцангуй их байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

相关新闻