Энэтхэгийн цахилгаан станцуудын нүүрсний нөөц багасаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-07 15:29:19

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. БНХАУ эрчим хүчний хямралд Азийн томоохон эдийн засагтай орнуудаас ганцаараа өртөөгүй бололтой. Энэтхэгийн цахилгаан станцуудын дийлэнхийнх нь нүүрсний нөөц ноцтой түвшинд хүрч багасаад байгаатай холбоотойгоор ирэх саруудад цахилгааны хомсдол нүүрлэж магадгүй байна.


Азийн гурав дахь том эдийн засаг болох Энэтхэгийн 135 нүүрсэн цахилгаан станцын 63 нь хоёр өдрийн юм уу түүнээс бага хэмжээний нүүрсний нөөцтэй байгааг тус улсын Цахилгаан эрчим хүчний удирдах газраас /CEA/ мягмар гарагт гаргасан тайланд бичжээ. Түүнчлэн тэдгээрийн 17-гийнх нь нөөц дуусаад байна.


Нийтэд нь авч үзвэл, 75 станцын нөөц таван хоногийн дотор дуусах төлөвтэй байгааг Энэтхэгийн Цахилгаан эрчим хүчний удирдах газар “туйлын ноцтой” байдал хэмээн тодорхойлов. Хэдий эдгээр станцын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд зогсохгүй байлаа ч нүүрсний нөөц тасалдаж, эрэлт нэмэгдвэл нөлөөнд нь шууд өртөнө.


Энэтхэгийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувь нь нүүрснээс хамааралтай. “CNN Business” нүүрсний нөөцийн талаар Энэтхэгийн Нүүрсний яамнаас тодруулга хүсэхэд хариу ирүүлээгүй байна. Харин Эрчим хүчний сайд Р.К.Сингх “The Indian Express” сонинд, нөхцөл байдал ирэх 5-6 сарын хугацаанд дээрдэхгүй байж магадгүй хэмээн ярьжээ.


Энэтхэг энэ оны эхээр “COVID-19”-ийн хүчтэй давлагаанд нэрвэгдсэнээс хойш аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа сэргээхийг эрмэлзэж буйтай зэрэгцэн эрчим хүчний эрэлт нэмэгсэн байна. Харин борооны улирал нүүрсний нийлүүлэлтэд сөрөг үр дагавар авчирчээ. Тодруулбал, хүчтэй аадар бороо олборлолт, тээвэрлэлтийг саатуулсан байна.


Р.К.Сингх нүүрсний хомсдол хэвийн бус байдлыг бий болгоод байгаа ч одоогоор цахилгаан хангамж огтхон ч тасалдаагүй байгааг онцлон хэлжээ. Мөн Энэтхэгийн нүүрс олборлогч гол компани болох “Coal India Limited”-д олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлт тавьсан гэж яамны мэдэгдэлд дурджээ. Гэсэн хэдий ч “Nomura” судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн үзэж буйгаар, Энэтхэг нүүрсний хямралаа ойрын хугацаанд зохицуулж чадахгүй бол эрчим хүчний компаниуд өндөр үнээр нүүрс импортлон авахад хүрч магадгүй байна. 

相关新闻