Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн асуудлаар сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. ХНХЯ, Норвегийн тусламжийн байгууллагын "Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн хөгжил" төсөл, Баян-Өлгий аймгийн аймгийн ЗДТГ хамтран “Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх арга зүй" сэдэвт сургалтыг
Өлгий хотод зохион байгууллаа.
Сургалтад аймгийн
Засаг дарга Д.Бауыржан, ХНХЯ-ны газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дарга С.Тунгалагтамир, комиссын
гишүүн Ц.Нямтулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн газрын
дарга С.Батхишиг, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Д.Ганчимэг болон Ховд,
Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол,
нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, Өлгий сумын ерөнхий боловсролын
сургуулийн захирал, цэцэрлэгийн арга зүйч, өрхийн ЭМТ-ийн эмч нар зэрэг 70 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үг хэлж, хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн эрхийг хангах чиглэлээр орон нутгийн төрийн болон төрийн бус
байгууллагуудаас гаргасан аливаа санал санаачилгыг дэмжин ажиллахаа
илэрхийллээ.
Түүнчлэн сургалтад
оролцогчид бүлгээр ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цогц тусламж
үйлчилгээ үзүүлэхэд орон нутагт тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэх арга замуудын
талаар санал бодол солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.