Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-06 16:23:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татна.


Уг шийдвэрийг Засгийн гаүрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан байна. Газрын тосны дайвар бүтээгдэхүүн импортлон дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжихээс илүүтэй өнөөгийн бодит нөхцөл байдалд Монгол Улсын чанар, стандартын шаардлагыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцоог чангатгах, одоо байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх замаар удирдлага зохицуулалтын арга хэмжээг нэн тэргүүнд авах нь зүйтэй гэж үзжээ.


Иймд хуулийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг ханган УУХҮЯ-наас авсан компанийн өөрийн үйлдвэрлэлийн зорилгоор импортлох дайвар бүтээгдэхүүн болон керосиныг онцгой татвараас чөлөөлөхөөр боловсруулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзсэн байна.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх олон улсын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүллээ.

· “КОВИД-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд энэ сарын 5-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь, дархлаа дэмжих гуравдугаар тунд 323 940 хүн хамрагджээ. Иргэдийг гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцины цэгийн тоог нэмэхийг үүрэг болголоо.

· “Эрчис Ойл” ХХК болон “PH-Аэро” компанийн хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээний төслийг эцэслэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг УУХҮ-ийн сайдад даалгав.

· Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

· Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явц, Гашуунсухайт хилийн боомт дахь чингэлэг тээврийн терминалын ажлын явцын талаар Сангийн сайд танилцуулсан байна. Хуулийн төсөл боловсруулж эхэлснээс хойш хувийн хэвшлийн байгууллагаас 257, төрийн байгууллагаас 280 гаруй санал иржээ. Эдгээр саналыг нэгтгэн Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд тусгах юм байна.

相关新闻