Бусад аймаг руу түлшний мод тээвэрлэхийг түр хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж, мод бэлтгэл, тээвэрлэлтийг журамлаад байна. Орон нутгийн иргэдийн түлшний модны хэрэгцээг хангах, хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор аймгийн нутаг дэвсгэрээс зарим аймаг, хот руу түлшний мод тээвэрлэхийг түр хугацаагаар хориглолоо. Тухайлбал Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу энэ оны 12 дугаар сарын 31, Орхон аймаг руу 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түлшний мод тээвэрлүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Тус аймагт энэ жил 70,0 гаруй мянган шоо метр түлээний мод бэлтгэх хуваарийг аймгийн ИТХ баталсан юм.