БУЛГАН: "Мэдлэгтэй иргэн хүчирхэг" төсөл хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-09 14:22:31

Булган, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Булган аймгийн ИТХ-ын ажлын алба “Мэдлэгтэй иргэн хүчирхэг” төслийг 2025 оны 7 дугаар сараас эхлэн 8 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


“Мэдлэгтэй иргэн хүчирхэг” төсөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах оролцоо” төслүүдийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 24 төслийн нэг юм. 


Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс 90 гаруй төслийн санал ирснээс 24 төсөл шалгарчээ. Тэдгээр төсөлд нийт 200.000 гаруй ам.долларын тэтгэлэг олгож, төслүүд 2025 оны 7 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжих юм.


Уг төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Тосонцэнгэл сумын ИТХ-ын тэргүүн туршлагыг судлах “Суралцах, судлах-аялал”-ыг аймгийн ИТХ-ын даргаар батлуулсан удирдамжийн дагуу зохион байгууллаа.


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын ажилтай танилцаж “Олон нийтийн оролцоотой хяналт үнэлгээ хийх аргачлал”-ыг тусгай журам болгон баталж, нэвтрүүлсэн талаарх тэргүүн туршлагыг газар дээр нь очиж судалсан байна.


Хөвсгөл аймгийн Мөрөн, Тосонцэнгэл 2 суманд гурван Лхагвын 3L аргачлалыг нэвтрүүлж, сумын ИТХ-аар журам болгон баталжээ. Ингэснээр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарын хөрөнгө оруулалтуудыг иргэдийн оролцоотой үнэлж иргэд, ИНБ-ууд нь идэвхжиж тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжтой болсон байна.


Тус суралцан судлах багийн бүрэлдэхүүнд Булган аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Наранжаргал, Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл, мэргэжилтэн Б.Үүрийнтуяа болон төсөл хэрэгжүүлэх багийн гишүүн аймгийн ИТХ-ын иргэдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ариун нар оролцсон байна.


Хөвсгөл аймгийн 2 суманд “Улс орон нутгийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд иргэдийн оролцоотой хяналт үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлсэн тухай маш чухал ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулж туршлага судалснаа ИТХ-ын иргэдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ариун мэдээлэв.


Энэхүү журмын зорилго нь улс,орон нутгийн төсөв болон ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн хэрэгжилт, чанар үр дүнд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллага ба нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран хяналт тавих үнэлэх механизмыг бий болгож хөрөнгө оруулалтын үр ашиг чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн байна.





 

相关新闻