Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад илүү их хүчин чармайлт хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-10-03 16:25:09

МИЛАН. /Euronews/. Дэлхийн улс орнуудын уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгчид хүлэмжийн хийг бууруулж, дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгаад санал нэгджээ.


НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд /COP26/ бэлтгэх ажлын хүрээнд Италийн Милан хотноо бямба гарагт зохион байгуулсан уулзалтын үеэр талууд ийнхүү тохиролцсон байна.


2015 онд байгуулсан Парисын уур амьсгалын хэлэлцээрээр дэлхийн агаарын дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилт дэвшүүлсэн юм.


Миланд болсон уулзалтын дараа “COP26” бага хурлыг даргалах Алок Шарма, “Улс орнууд Парисын хэлэлцээрээр дэвшүүлсэн зорилтод хүрэхэд илүү их хүчин чармайлт хэрэгтэй байгаад санал нэгдлээ” хэмээн мэдэгдэв.


Мөн уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх үйлсийг жилд 100 тэрбум ам.доллароор санхүүжүүлэх үүрэг амлалтаа биелүүлэхийг хөгжингүй орнуудын Засгийн газар, хувийн хэвшлийнхэнд уриалжээ.


Дэлхийн улс орнуудын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүгийн тусламжийн талаар санал зөрөлдсөн хэвээр байгаа юм.


Тийнхүү Их Британид 10 дугаар сарын 31-нээс эхлэх “COP26” хурлаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд дорвитой шийдэлд хүрэх эсэх нь олны анхаарлын төвд байна. 

相关新闻