"Хөгжил" хорооллын айл өрхүүд тодорхойгүй хугацаагаар эрчим хүчээр хязгаарлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-30 17:00:01

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын "Хөгжил" хорооллын айл өрхүүд иргэн, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдлаа.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Говь-Алтай аймгийг эрчим хүчээр хангагч "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-аас тодруулахад: 

-"Иргэд, аж ахуйн нэгжийн  буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор тус хорооллын 6 квт-н цахилгаан дамжуулах шугам тасарч гэмтэл гарсан. Үүнтэй холбоотойгоор тус хорооллын айл өрхүүд тодорхойгүй хугацаагаар цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байна" гэлээ. 

Уг гэмтлийг засахаар "АУЭХС" ТӨХК-ийн шугамын бригад шуурхай ажиллаж байгаа аж. Гэмтлийг бүрэн арилгасны дараа "Хөгжил" хороолол эрчим хүчээр хангагдана хэмээн холбогдох албанаас мэдээллээ. 

Цаашид иргэн, аж ахуйн нэгжийг ямар нэгэн засвар үйлчилгээ, газар шорооны ажил эхлүүлэхдээ өмнө нь холбогдох мэргэжлийн байгууллагад заавал мэдэгдэж, зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байхыг анхааруулсан юм.


相关新闻