Хөвсгөлийн брэнд үйлдвэрлэгчээр “Алтан дуулга” компани шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж гадаад, дотоодын зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх зорилготой жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хөвсгөл брэнд -2021 намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа боллоо.
Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 19 сум, 114 иргэн, 9 аж ахуй нэгж, оролцсоноос Хөвсгөлийн брэнд үйлдвэрлэгчээр “Алтан дуулга” компани шалгарлаа.
Тус компанийн үйлдвэрлэсэн "Бүхэл үрийн гурил” үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж, эрэлт хэрэгцээ нь өссөн байна. “Алтан дуулга” бүхэл үрийн гурил нь нутгийн эрүүл хөрсөнд ургасан элдэв хольц, химийн бодисгүй, органик бүтээгдэхүүн ажээ.
“Хөвсгөл Алтандуулга ХК” 1943 онд Тариалан САА нэртэйгээр байгуулагдаж үр тарианы томоохон аж ахуйн нэгж болон өргөжиж бүс нутгийн хүнсний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.Тус компани 7150 га эргэлтийн талбайд үр тарианы үйлдвэрлэл эрхэлж, 6500 тн үр тариа цэвэрлэж, хадгалах хатаалгатай механикжуулсан үтрэм, иж бүрэн засварын газар ажиллуулж жилдээ 3000 га уринш боловсруулалт хийж, 3000-4000 га үр тариа тариалж байгаа ажээ.