УИХ-ын гишүүд тангараг өргөж, шинэ парламентын бүрэн эрх нээгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын 2016 оны сонгуулиар ялалт байгуулсан 76 гишүүн тангараг өргөж, шинэ парламентын бүрэн эрх нээгдлээ.
УИХ-ын сонгуульд өрсөлдсөн 498 нэр дэвшигчээс сонгогчийн олонхийн саналыг авч, тойрог тус бүрт ялалт байгуулсан 76 гишүүн Анхдугаар чуулганд тангараг өргөлөө. УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу гишүүдийн хамгийн ахмад нь болон Ч.Улаан УИХ-ын гишүүний тангарагийг индэр дээрээс уншив. Тангарагт “Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэний ашиг сонирхлыг эрхэмлэж төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнийхээ нэрийн өмнөөс бүрэн эрхээ эхлүүлж байгаа нийт гишүүдэд баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэв. Дараа нь 76 гишүүн Цагаан толгойн үсгийн дарааллаар тангарагийн бичигт гарын үсэг зурж, төрийн сүлдэнд мэхийн ёслов.
Үүгээр шинэ парламентын бүрэн эрх нээгдэж, долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ ажилдаа орлоо. Одоо УИХ-ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг хэлэлцэн баталж, дараа нь УИХ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Хуралдааныг ахмад гишүүн Ч.Улаан даргалж байна.
Н.Гантуяа