Сэлэнгэ аймгийн 30 сургууль биологийн кабинетийн иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг
боловсролынхоо
салбарт
тэр дундаа хүүхэд, багачуудынхаа сургалтын орчин нөхцөлийг сайжруулах
чиглэлээр олон бүтээлч хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж байна. Тодруулбал 2020-2021 онд нэг
тэрбум тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж,
боловсролын
салбараа дэмжин ажиллажээ.
Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн 30 сургууль биологийн
кабинетийн иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй боллоо.
Энэхүү ажлыг УИХ-ын
гишүүн Ч.Ундрам санаачилж, анх “Чинбатын Ундрам” хөгжлийн сангаасаа Мандал
сумын 4-р сургуульд биологийн иж бүрэн кабинетийг нээн тохижуулж өгч байсан
юм. Тэрээр цаашид тойргийнхоо бүх сургуулийг ийнхүү тохижуулах зорилго
тавьж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгаж чадсанаар энэхүү ажил
биеллээ олжээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Ш.Оргил аймаг орон нутгийнхаа хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч
боловсрох их үйлсэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаа эрхэм гишүүнд талархал
илэрхийлж, аймгийнхаа бүх сургуулийг иж бүрэн технологийн кабинеттай болгохоор
зорьж байгаагаа дуулгалаа. Энэ кабинет хүүхдүүдийг амьдрах
ухаан, амьдрах арга барилд сургах анхны дадлыг өгөхөд онцгой үүрэгтэй болохыг ч
аймгийн дарга онцолсон. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам:-“Сэлэнгэ
аймгийнхаа ЕБС-ийн 30 сургуулийг Биологийн
иж бүрэн лабораторитой болголоо. Биологийн
сургалтын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү лабораторийг сургалтандаа
ашигласнаар ирээдүйн эрүүл мэнд, ХАА, эм зүй, био-технологи, био-инженерчлэл,
ой судлал, байгаль хамгаалал, амьтан судлал, хүрээлэн буй орчин судлалын
чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой болох юм. Бид ирээдүйн
эрдэмтэн, мэргэд, дээд боловсролтой мэргэжилтнүүдээ одооноос бэлтгэх ёстой”
хэмээн хэллээ. Мөн багш нарын зүгээс эл лабораторийг биологийн хичээлээс
гадна эрүүл мэнд, биеийн тамирын хичээлүүдэд ч мөн ашиглах боломжтой хэмээн ярьж
байв. Мөн нэг сургуульд 82 төрлийн 217 ширхэг, 20-иод сая төгрөгийн үнэ
бүхий сургалтын хэрэглэгдэхүүн өгч байгаа гэж аймгийн БГ-ын дарга
Ч.Жаргалсайхан ярилаа.
Хэрэглэгдэхүүн гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ
аймгийн Засаг дарга Ш.Оргил, БГ-ын дарга Ч.Жаргалсайхан нар оролцлоо.










