Шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй 5 эрдэмтний онцлох илтгэлийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-23 10:57:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ.


Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн, Шинжлэх ухааны Академи  байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи”/EST2021/ сэдэвт олон улсын бага хурлыг гурав дахь удаагаа Монгол Улсад зохион байгуулж байна.


Энэхүү олон улсын хурлын үндсэн зорилго нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлийн олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нарыг нэгэн сэдэв, нэгэн зорилгын дор нэгдэж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцол, зөвлөмжийг гаргахад оршино.


Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож буйгаараа онцлог юм.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” /EST 2017 ба EST 2019/ сэдэвт олон улсын бага хуралд БНХАУ, ОХУ, Герман, Япон, БНСУ, Канад, Польш, ӨМӨЗО, Буриад болон Монгол Улсын давхардсан тоогоор нийт 500 гаруй зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаач, багш нарын төлөөлөл оролцож байжээ.


Энэ жилийн олон улсын III бага хуралд ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, АНУ, Австрали, Польш, Франц, Герман, Канад, Филиппин, Афганистан, ӨМӨЗО, Буриад болон Монгол зэрэг 15 орны 200 гаруй төлөөлөгч, бодлого тодорхойлогчид, олон улсын эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байна. Хуралд оролцогчид шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй 5 эрдэмтний онцлох илтгэл, аман болон ханын 80 гаруй илтгэл (онцлох илтгэл-5, зочин илтгэл-6, бусад-42, ханын илтгэл 23) хэлэлцэж, хурлын эмхэтгэлд хэвлүүлэхээр ирүүлсэн нийт 76 бүтээлээс  хянан магадлагаа хийсэн 42 эрдэм шинжилгээний өгүүлэл EST 2021 хурлын эмхэтгэлд хэвлэгдэхээр шалгарсан байна.


相关新闻