465 га талбайгаас 70 мянган боодол ногоон тэжээл хураан авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн
хүрээнд аймаг, орон нутагтаа малын тэжээл тариалж, малчдаа өвс тэжээлийн үнийн
дарамтаас гаргах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд “Өв Агро гурил тэжээлийн үйлдвэр” ОНӨХХК-ийг байгуулж, Хархорин суманд 465 га талбайд ногоон тэжээл тариалаад байгаа юм. Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын баг тариалалтын явц байдалтай танилцаж, тулгамдсан асуудлаар санал солилцов.
Тус компани
энэ жил түрээсийн талбай, түрээсийн техник төхөөрөмжийг ашиглан вандуй, овьёос, улаан буудай, цагаан
арвай гэх дөрвөн төрлийн үрээр тариалалт хийсэн бөгөөд 70 мянган
боодол ногоон тэжээл хураан авах төлөвтэй байна. Цаашид үйлдвэрлэлийг
эрчимжүүлж, зорилтоо бүрэн биелүүлэхийн тулд түрээсийн асуудлыг шийдвэрлэх,
техник хэрэгслийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг захирал Н.Нангилрагчаа хэлэв.
Ажлын багийн зүгээс ургац хураалтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчийг шийдвэрлэх, ногоон
тэжээлийг аюулгүйн нөөцөд авах, зах зээлд худалдан
борлуулах үнийг тогтоох талаар ярилцаж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд уг
асуудлыг оруулан хэлэлцэхээр болов.