Бизнес эрхлэгчид аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-21 11:14:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Хүнс, барааны захыг түр хугацаагаар хаасантай холбогдуулан бизнес эрхлэгч, түрээслэгчдийн төлөөлөл аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдтэй уулзлаа.

Бизнес эрхлэгчид  “Захын үйл ажиллагааг хаах шийдвэр нь эрх тэгш бус хэрэгжиж байна” гэх асуудлыг голлон тавив. Тухайлбал, хөл хорио тогтоох шийдвэр нь захын гурван хаалганы доторх худалдааны төвүүдэд үйлчилдэг бол гадна орших худалдаа, үйлчилгээний цэгүүд хэвийн ажилласаар байдаг. Гэтэл тэр байгууллагуудаар ч иргэд олноор үйлчлүүлдэг учраас халдвар тархах эрсдэл тэнд ижил бий. Тиймээс хаавал бүгдийг хаа” гэсэн шаардлагыг тавьж байсан юм. 

Уулзалтын үеэр аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, БОЭТ-ийн удирдлагуудаас халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд бизнес эрхлэгчидтэй харилцан санал солилцсоны үндсэн дээр аймгийн Засаг дарга А.Ишдорж холбогдох байгууллагуудад хандан үүрэг чиглэл өглөө. Үүнд

- Дельта хувилбарын голомт идэвхжиж байгаа тул халдварын тархалтыг хумих, эрсдэлийг багасгах үүднээс Арвайхээр сумын Засаг даргаас гаргасан захирамжийг 9 дүгээр сарын 26 хүртэл үргэлжлүүлэн мөрдөх;

- Захын орчимд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний бүх байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулах;

- Халдвар илэрсэн тохиолдолд халдвар авсан хүний тоог харгалзан тухайн байгууллага болон цэгт хэсэгчилсэн байдлаар хөл хорионы дэглэм тогтоох;

- Түрээслэгчдийнхээ болон үйлчлүүлэгчдийн халдвар хамгааллын байдалд худалдааны төвийн эзэд хяналт тавьж, цахим бүртгэлийн системийг тогтмол хөтлөхийг үүрэг болгов.

 

Цаашид хөл хориог нийтээр тогтоохгүй, зөвхөн халдвар гарсан байгууллагуудад хязгаарлалтын дэглэм тавих учраас бусдынхаа үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулахгүйн тулд хувь хүн бүр үүрэг хариуцлагаа өндөрсгөх шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга хэллээ.

相关新闻