Нөхөх олговорт 2 тэрбум 84 сая төгрөг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-14 20:43:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40.0 сая төгрөгийн нөхөх олговор тус тус олгохоор тусгажээ.  

Одоогийн байдлаар энэ заалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн харьяат 43 нэхэмжлэгчдэд нөхөх олговорт 2 тэрбум 84 сая төгрөгийг олгоод байна. Үүнийг он тус бүрээр задлан танилцуулбал, 2019 онд 6 нэхэмжлэгчид 281. 0 сая, 2020 онд 34 нэхэмжлэгчид 1.683.0 сая, 2021 онд 3 нэхэмжлэгчид 120.0 сая төгрөгийн нөхөх олговор олгоджээ.

Мөн аймгаас шүүхийн шийдвэр нь гарч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст уламжлагдсан 24 нэхэмжлэгчийн 1 тэрбум 21 сая төгрөгийн нөхөх олговор хүлээгдэж байгаа ажээ. 2021 оны улсын төсөвт нөхөх олговрын 5.0 тэрбум төгрөг тавигдсаныг улсын хэмжээнд 102 нэхэмжлэгч иргэнд олгоод санхүүжилт дууссан аж.

Харин 2021 оны улсын төсвийн тодотголд мөнгө тусгагдаагүй тул 2022 оны улсын төсөвт мөнгө суугдах хүртэл нөхөх олговрын мөнгө олгогдохгүй тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдэгджээ. Иймд цар тахал, цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгон хүлээж авахыг нөхөх олговроо хүлээж буй хэлмэгдэгсдийн ар гэр, нэхэмжлэгчдээс хүсэж байна.

相关新闻