Түнэл, Жаргалант суманд үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн нутаг Ганц модны дух, Түнэл сумын Зуны гол, Навчилтай багийн нутаг Хамрын даваа зэрэг газарт үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орлоо.
Дахин дамжуулах станц ашиглалтад орсноор тухайн багийн иргэд төдийгүй тус бүс нутагт хамаарах алслагдсан сум, багийн малчин иргэд харилцаа холбооны сүлжээнд холбогдох боломж бүрдэж байгаа юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дахин дамжуулах станцыг барьжээ.
Хөвсгөл аймагт өнгөрсөн жилүүдэд Харилцаа холбооны салбарт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабель, үүрэн холбооны 3G сүлжээ болон дахин дамжуулах станцуудыг барьж ашиглалтад оруулаад байгаа ажээ.