Морьтой барилдааны тамирчдад зориулж эмээл хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Монголын көкпар, аударыспак, тенге илу спортын холбоог 2013 онд
үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Көкпар /тулам,
сэрх булаацалдах/, аударыспак /морьтой дээрх барилдаан, тенге илу /мөнгө шүүрэх/
спорт нь залуус морин дээр хүч чадал,
авхаалж самбаагаа сорин өрсөлддөг казахын ард түмний үндэсний спортын төрлүүд
бөгөөд Монгол, Казахстан, Турк, ОХУ, АНУ, Унгар, БНХАУ, Киргизстан, Узбекстан,
Тажикистан, Азербайжан, Афганистан зэрэг улсад өргөн дэлгэрч хөгжиж байгаа
аж.
Монголын баг тамирчид 2014 онд Казахстан Улсад зохион
байгуулсан аударыспакын анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс -90 кг
жинд мөнгөн медаль, 2016 онд БНХАУ-д
болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, 2017 онд Казахстаны
Астана хотод зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр
мөнгө, нэг хүрэл, 2018 онд Киргизстан Улсын Чолпан-Ата хотод болсон “World nomads-2018” дэлхийн нүүдэлчдийн
спортын их наадмаас хоёр хүрэл медаль хүртсэн зэрэг амжилт гаргаж байжээ.
Тэгвэл саяхан Казахстан Улсын Үндэсний спортын төрлүүдийн холбооноос Монголын морьтой барилдааны тамирчдад зориулж иж бүрэн тоноглолтой 12 эмээл хандивласан байна. Энэ нь тус холбооноос манай улсын морьтой барилдааны тамирчдын бэлтгэлд зориулан хандивлаж буй эхний ээлжийн дэмжлэг аж. Цаашид хоёр улсын спортын холбоод хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Монголын көкпар, аударыспак, тенге илу спортын холбооны тэргүүн А.Ром хэллээ.