Байгууллагаараа ургацаа хурааж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын нийт иргэдийн унд, ус ариун цэврийн үйлчилгээг хариуцагч “Чандмань Баянхонгор” ХК-ийн хамт олон өнгөрөгч хавар байгууллагын эзэмшлийн ашиглагддаггүй сул талбайдаа хүнсний ногооны тариалжээ.
Тодруулбал төмс, манжин, лууван, сонгино, өргөст хэмх зэрэг таван төрлийн ногооны 150 орчим кг үр тариалж, арчилж ургуулснаар энэ намар 1 тонн хүнсний ногоо хүлээн авахаар ургацаа өнөөдөр хураан авч байна.
Түүнээс гадна тус компанийнхан өнгөрсөн өвөл, хаврын хатууд нэг наст төл малыг малчдаас авч онд оруулснаар өөрийн туслах аж ахуйтай болсон. Тэгвэл тэжээж онд оруулсан малынхаа энэ өвлийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж, хүнсний ногооныхоо хажуугаар овьёос тариалсан зэргээр дор бүрнээ байгууллагынхаа туслах аж ахуйг хөгжүүлж байгаа аж.
Тус хамт олон ашиглаагүй үлдсэн талбайгаа ирэх жил бүрэн ашиглаж, илүү олон төрлийн нарийн ногоо тариалахаар төлөвлөжээ.








