Индонезийн шоронд түймэр гарсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-08 15:16:22

ЖАКАРТА. /CNN/. Индонезийн нийслэл Жакарта хотоос холгүй оршдог нэгэн шоронд түймэр гарсны улмаас 41 хүн амиа алдлаа гэж тус хотын Цагдаагийн газраас мэдээлжээ.


Бантен мужийн “Тангеранг” шоронгийн С блокт орон нутгийн цагаар өнөө өглөө түймэр гарсан гэж Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Юсри Юнус мэдээлсэн байна. 


Түүний хэлснээр, гал сөнөөгчид түймэр шоронгийн бусад блок руу тархаж байсныг зогсоосон бөгөөд хоёр цаг ажилласны эцэст галыг бүрэн унтраажээ. Түймэр гарсан шалтгааныг мөрдөн шалгаж байгаа ч цахилгааны богино холболтоос үүдэлтэй байж магадгүй хэмээн урьдчилан таамаглаж байна гэж Ю.Юнус хэлжээ. 


Хууль зүй, хүний эрхийн яамны шоронгийн асуудал хариуцсан хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Рика Априантигийн мэдээлснээр, холбогдох албаны төлөөлөгчид нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байгаагаас гадна түймэр гарсан шалтгааныг мөрдөн шалгаж байна.


Гал гарсан блок нь 122 хүний багтаамжтай бөгөөд мансууруулах бодисны хэрэгт холбогдсон хоригдлуудыг хорьж байсан гэдгийг тэрбээр мэдээлжээ. Гэвч түймэр гарах үед хэчнээн хүн байсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй боловч шорон дүүрэн хүнтэй байсан гэдгийг батлан мэдэгджээ.


Засгийн газрын есдүгээр сарын мэдээллээр, Жакарта хотоос холгүй оршдог аж үйлдвэр, үйлдвэрлэлийн төв болсон Тангеранг хотод байрладаг уг шоронд 2000 гаруй хүн хоригдож байгаа нь нийт багтаамжаас /600/ ихээхэн хэтэрсэн үзүүлэлт юм.


Индонезийн “Kompas” телевиз гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа дүрс бичлэгийг үзүүлж, гал түймрийн улмаас 41 хүн амиа алдаж, найман хүн хүнд гэмтсэн гэж мэдээлжээ. Мөн “Metro” телевиз цагдаа нарын мэдээллийг эш татан 73 хүн хөнгөн гэмтсэн гэдгийг мэдээлсэн байна. 

相关新闻