IX/11-ний халдлагын үеэр амиа алдсан хоёр хүний хэн болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-09-08 14:28:31

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йорк муж улсын шүүх эмнэлгийн шинжилгээний газраас 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын улмаас амиа алдсан хоёр хүний хэн болохыг тогтоосон тухай мэдээлжээ.


"Нью-Йоркийн Хемпстэд хотын иргэн Дороти Морган бол хэн болохыг нь тогтоосон 1646 дахь хүн бөгөөд ар гэрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцалсан хүн бол 1647 дахь хохирогч юм" гэж тус байгууллагын мэдээлэлд дурдсан байна.


2019 оны 10 дугаар сараас хойш халдлагын улмаас амиа алдсан хүмүүсээс хэн болох нь тогтоогдсон анхны тохиолдлууд энэ аж. Одоогийн байдлаар террорист халдлагад өртөж амиа алдсан 2753 хүний 40 хувь буюу ​​1106-гийнх нь хэн болохыг хараахан тогтоогоогүй байгаа аж. 


Өнгөрсөн долоо хоногт АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден 2001 оны есдүгээр сарын 11 -ний халдлагатай холбоотой Засгийн газрын зарим баримт бичгийг нууцын зэрэглэлээс гаргах тухай зарлигт гарын үсэг зурсан юм.


“Аль-Каида” байгууллагын террористууд 2001 оны есдүгээр сарын 11-нд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг барьцаалж, хоёроор нь тухайн үед Нью-Йоркийн хамгийн өндөр барилгад тооцогддог байсан Дэлхийн худалдааны төвыг мөргөсөн бол гурав дахь нисэх онгоц Пентагоныг мөргөсөн билээ. Дөрөв дэх онгоц мөн Америкийн нийслэл хотыг чиглэн ниссэн боловч Пенсильван муж улсын Шанксвилл хотын ойролцоо осолджээ. Халдлагын улмаас 2977 хүн амиа алдсан байна.


相关新闻